Манай мөсөнд авиргачид дэлхийн цомын шинэ улирлын цуврал тэмцээнийг мөнгөн медальтайгаар эхлүүлж байна.
Олон улсын уулчдын холбооны 2026 оны мөсөнд авиралтын дэлхийн цомын цувралын шинэ улирлын эхний тэмцээн Солонгосын Чонсон хотод болоход 18 орны 120 гаруй тамирчин оролцсоноос хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер О.Сайханжаргал 19.90 секундийн амжилтаар мөнгөн медалиар энгэрээ мялааж, Монголын багийн анхны медалийг авлаа. Энэ төрөлд Д.Отгонхүү VI, Н.Хэрлэн XV, А.Зоригтбаатар XVII, Э.Дөлгөөн XXXII, эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ IV, Ж.Амина XI байрт шалгарав. Харин Ч.Мандахбаярын хувьд техникийн алдааны улмаас хасагдсан байна.
Тэгвэл техникийн төрөлд эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ 36, эрэгтэйчүүдээс Ч.Мандахбаяр мөн 36 дугаар байр эзлэв. Ингэснээр манай тамирчдын дэлхийн цомын эхний гараа өндөрлөж байна.
Ташрамд дурдахад, 2025-2026 оны UIAA мөсөнд авиралтын улиралд “Фиксе” брэнд албан ёсны техникийн түншээр оролцож байгаа аж. Дэлхийн цомын цуврал тэмцээн бүрийн техникийн ажилтнууд болон багууд “Фиксе” брэндийн олс, карабин, хударга, бэхэлгээ, дуулга ашиглах бөгөөд тус брэнд нь бүх ангиллын тэмцээний шаардлагыг хангадаг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )