
2014 оны гуравдугаар сард Куала Лумпур хотоос Бээжингийн чиглэлд нисэж яваад ор сураггүй алга болсон Malaysia Airlines компанийн онгоцны усан доорх эрлийг энэ сарын 30-нд сэргээхээр болсон тухай Малайзын Тээврийн яам мэдээлжээ.
АНУ-ын Ocean Infinity компани усан доорх эрлийн ажиллагааг 55 хоногийн турш завсарлагатай гүйцэтгэх гэнэ. Эрлийг МН370 дугаартай нислэг үйлдэж байсан онгоцыг олох магадлал өндөр гэж үзэж байгаа бүсэд явуулна.
Malaysia Airlines компанийн Boeing 777-200 онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-ны шөнө Куала Лумпур хотоос Бээжингийн чиглэлд нислэг үйлдэхээр хөөрч, хоёр орчим цагийн дараа радараас алга болжээ. 227 зорчигчийг тээвэрлэж явсан онгоцны нисэх багийн бүрэлдэхүүн 12 гишүүнтэй байв. 2015 оны нэгдүгээр сард Малайзын эрх баригчид онгоц осолдсоныг хүлээн зөвшөөрч, онгоцонд явсан бүх хүн амиа алдсан гэв. Өнөөг хүртэл тус онгоцны ул мөр олдоогүй байгаа юм.


Сэтгэгдэл ( 0 )