“Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтаас тунхаглал гаргажээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сирил Рамапосын даргалан явуулсан “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтаас тунхаглал батлан гаргасан байна.

Хоёр өдөр үргэлжилсэн уг дээд хэмжээний уулзалт нь Дэлхийн Өмнөд хэсгийн асуудлыг дэлхийн анхаарлын төвд оруулжээ.

“АНУ идэвхтэй эсэргүүцэж байсан хэдий ч бид үр дүнгийн тунхаглал баталж чадлаа. АНУ дээд хэмжээний уулзалтаас өөрийгөө хассанаараа юу ч хожоогүй. “Их 20”-ийн бүлгийн гишүүн бусад орон тогтвортой, давшингуй хөгжлийн бодлогын чухал чиглэлүүдээр санал нэгдэж чадлаа” гэж ӨАБНУ-ын удирдагч тэмдэглэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Йоханнесбург руу нисэхээс татгалзсан ба дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс тэргүүтэй төлөөлөгчид уг дээд хэмжээний уулзалтад оролцох байсныг болиулсан аж. Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлыг АНУ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тунхаглал гаргахыг эсэргүцэж байжээ.

Йоханнесбургт баталсан тунхаглал нь АНУ-ын одоогийн засаг захиргааны хамгаалж байгаа хэд хэдэн үнэт зүйлтэй зөрчилдөж байгаа тухай дээд хэмжээний уулзалтын үеэр тэмдэглэсэн байна. Уг тунхаглалд ядуурал, эрх тэгш бус байдалтай тэмцэх, дэлхийн уур амьсгалыг хамгаалах, Дэлхийн Өмнөд хэсгийн орнуудын өрийн дарамтыг багасгах арга хэмжээнүүдийг дэмжсэн юм.

“Дэлхийн улс түмнүүдэд тулгарч буй ноцтой сорилтуудын өмнө дэлхий нэгдэн нягтрах чадвартай болохыг дээд хэмжээний уулзалтад оролцогчид харуулж чадсан бөгөөд олон туйлт хандлагыг бэхжүүллээ” гэж Сирил Рамапоса дүгнэж хэлсэн байна.

2025 оны 12 дугаар сарын 1-нээс “Их 20”-ийн бүлгийг АНУ даргалах юм. “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын дээд хэмжээний дараагийн уулзалт 2026 онд Флоридад болно гэж Трамп мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top