Б.Энх-Оргил: Би хэзээ ч бусадтай зөрчилдөхийг хүсдэггүй байсан

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 18

 

Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн өрсөлдөөнтэй, басхүү сонирхолтой шоугаар нэрлэгдээд буй "Physical: Asia" нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарууд өнөөдөр үзэгчдийн хүртээл болно. Тус нэвтрүүлэгт эх орноо төлөөлөн оролцож буй Б.Энх-Оргилийг Primetimer сайт онцолжээ. 

Таеквондогийн спортоос ММА хүртэл явсан түүнийг олон талын ур чадвараараа багаа ялагчийн цомд ойртуулсан нэгэн гэжээ. Багийн ахлагчийнхаа итгэлийг хүлээн оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргаж, ялалтын төлөө шийдэмгий зүтгэж байсан түүний талаар "Б.Энх-Оргил нь Монгол Улсын Ховд аймагт сувилагч ээж, ачааны машины жолооч аавынхаа гэр бүлд төржээ. Тэрээр 2022 онд ONE-д өгсөн ярилцлагадаа "Би үзэсгэлэнт байгальд хонь, ямаа хариулж, морь унаж, голоос ус зөөж, аргал түүж өссөн. Бусад монгол хөвгүүдийн л нэгэн адил.

 

 

Би сургуульд байхдаа хичээлдээ тийм ч сайн хүүхэд байгаагүй л дээ. Гэхдээ биеийн тамирын хичээлд маш их дуртай байлаа. Бага байхдаа олон найз нөхөдтэй байсан ч хэн нэгэнтэй зөрчилдөж, маргаан үүсгэхийг хүсдэггүй хүүхэд байсан юм. Гэхдээ дайсагнасан нэгэнтэй тулалдахад хэзээд бэлэн байдаг байсан" хэмээж байжээ. 

 

 

Өнөөдөр тэр тулааны рингэн дээрх амжилт, гайхамшигт ур чадварынхаа ачаар "Торментор" хочтой нэгэн болжээ. Мэргэжилтнүүд түүний ур чадварт эргэлздэггүй, түүнийг ирээдүйтэй тамирчин гэлцдэг. 

 

 

Таеквондогийн спортоор спортын гараагаа эхэлсэн тэрээр эх орноо төлөөлөн олимпод оролцож, алтан медаль хүртэх мөрөөдөлтэй байжээ. Түүний энэ мөрөөдөл биелээгүй ч тэрээр 2009 онд холимог тулааны урлагтай танилцсан нь өнөөдрийн түүнийг бий болгожээ. Дуртай тулаанчдаа телевизээр үзэж өссөн тэрээр өдгөө Road to ONE: Mongolia тэмцээнд түрүүлж, ONE-тэй 100,000 долларын гэрээ байгуулж, тасралтгүй 13 ялалтын эзэн болсон бахдам амжилтын эзэн болжээ" хэмээсэн байна. 

Тэмцээний төгсгөлийн дугаар өнөөдөр буюу 11-р сарын 18-ны өдрийн 16:00 цагт үзэгчдийн хүртээл болно. 

 



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top