Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, хөгжлийн үзэл баримтлал болон бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэлүүдийн товч тайлбар болон тэдгээрээс сэрэмжлэх талаар 2026-2028 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээг Төв Азийн орнуудын удирдагчид Ташкентэд болсон бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтын үеэр баталсан байна.
“Өнөөдрийн баталсан үзэл баримтлал нь аюулгүй байдлын салбар дахь бидний хамтын ажиллагааны үр ашгийг үлэмж нэмэгдүүлэх боломж олгоно” гэж Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев онцолжээ.
Мөн бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтад Азербайжаныг бүрэн эрхтэй оролцуулж байхаар шийдвэрлэсэн байна. Үүний зэрэгцээ дээд хэмжээний уулзалтад оролцогчид Киргиз улсыг 2027-2028 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэр дэвшүүлж байгааг зарласан баримт бичигт гарын үсэг зуржээ.
Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах санаачлагыг 2017 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулган дээр Узбекистаны ерөнхийлөгч дэвшүүлсэн бөгөөд анхны ийм уулзалт 2018 оны гуравдугаар сард Казахстанд болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )