БШУҮЭХ | Үндсэн цалинг 3.5 саяд хүргэх асуудлыг 2027 оны төсөвт тусгахад хамтран ажиллахаар боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 04

 

Өчигдөр буюу 2025.11.03-нд БШУҮЭХ, Боловсролын яамтай байгуулсан нэмэлт хэлэлцээрийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлд "Улс орон даяар 720 боловсролын байгууллагын 40 гаруй мянган багш ажил хаялтад оролцсон. 13 хоног эв нэгдэлтэйгээр оролцсонд талархаж байна. Эцэг, эх, сурагчдад мөн талархаж байгаагаа илэрхийлье. 

Энэ удаагийн тэмцэлд хамтын хэлэлцээрт заасны дагуу 2026 ондоо цалинг 2.8 саяд хүргэхээр боллоо. Үүнийг хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн том ажил гэж харж байна. Бидний хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүртгэж авснаар Монгол Улсын Засгийн газар, УИХ үүрэг хүлээж байгаа.

Хамтын хэлэлцээрт тусгаж, шийдвэрлэсэн асуудлуудаас танилцуулсан нь зөв гэж бодож байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2024-2026 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийг хийж албажууллаа. 

Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, насан туршын суралцахуйн боловсролын төвийн багш ажилчны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс 50 хувиар, 2026 онд 2.8 саяд хүргэхээр боллоо. Мөн үндсэн цалингийн хэмжээг 3.5 саяд хүргэх асуудлаар 2027 оны төсвийн төсөлд тусгуулах талаар талууд хамтран ажиллахаар боллоо. 

Хоёрдугаарт, боловсролын салбарын улсын төсвийн нийт зарлагын 20-иос доошгүй хувийг ДНБ-ын 6-аас доошгүй хувийг зарцуулах талаар холбогдох хуульд тусгуулах чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдлээ. 

Ажил хаялтыг ажил хаялт зогсохоос 24 цагийн өмнө мэдэгдэх ёстой. Үүнийг албан ёсоор та бүхэнд хүргэж байна" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top