Үе үе цөмийн зэвсгийн туршилт хийх шаардлагатай гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 31

АНУ үе үе цөмийн зэвсгийн туршилт хийх шаардлагатай байгаа юм гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс пүрэв гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Манай улс цөмийн зэвсгийн ихээхэн нөөцтэй. Орос болон Хятад улс бас цөмийн зэвсгийн их нөөцтэй байгаа нь ойлгомжтой. Цөмийн зэвсэг маань зохих ёсоор ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байх үүднээс заримдаа туршилт хийх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.

Цөмийн зэвсгийн туршилтыг сэргээх нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргааны зүгээс хэрэгжүүлэх стратегийн хувьд утгагүй алхам болох юм гэсэн санааг АНУ-ын Конгрессын Сенатын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны гишүүн Жек Рид пүрэв гарагт илэрхийлсэн байна.

“Цөмийн туршилтыг хориглох санаачилгыг 1990-д оноос хойш АНУ, Орос, Хятад улс мөрдөж байгаа бөгөөд түүнийг зөрчих нь стратегийн хувьд бодлогогүй алхам болно. Энэ нь Орос, Хятадыг цөмийн туршилтын хөтөлбөрүүдээ сэргээхэд хүргэнэ. Цөмийн туршилтаас АНУ нэг их зүйл олж авахгүйн зэрэгцээ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлд олон арван жил ажиллаж олсон ахиц дэвшлийг үгүй хийх юм” гэж Америкийн Сенатч онцолжээ. Цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй сэргээхийг Пентагонд үүрэг болгосон тухайгаа Трамп саяхан зарласан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top