Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн хамт “Farm Forum-2025” арга хэмжээнд оролцож, малчид, тариаланчид, фермерүүд, хоршоологчдын төлөөлөлтэй уулзлаа.
Монгол Улсын мал аж ахуйн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг бөгөөд уламжлалт, стратегийн ач холбогдол бүхий салбарын хувьд хүн амын амьжиргаа, орлогын гол эх үүсвэр болж ирсэн. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилсан, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг зах зээлийн эргэлтэд оруулах, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх замаар хоршооны зохион байгуулалтыг бэхжүүлж буй чухал хөтөлбөр юм. Тус хөдөлгөөнд өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй гишүүн шинээр хамрагдаж, 10 мянга орчим шинэ хоршоо байгуулагдсан бол 20 мянга гаруй хоршоологч нийт 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагдсан нь хөдөлгөөний бодит үр дүн юм.
Нөгөөтээгүүр, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн бэлчээрийн доройтол нь байгаль орчны доройтлыг улам бүр нэмэгдүүлж байна. Энэ нь эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хоршоо хэлбэрээр өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, хамтын зохион байгуулалтад суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Иймд "Шинэ Хоршоо" хөдөлгөөнийг дараагийн шатанд шилжүүлж, “Шинэ Хоршоо-2” хөтөлбөрийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан дундын хоршоо байгуулах, үндэсний хэмжээний томоохон хоршоологчдыг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг бие даан удирдах чадавхыг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Цаашид хоршоологчид зах зээлийн эрэлт, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын бүх шатанд идэвхтэй оролцож, өөрсдийн үйл ажиллагааг зах зээлийн зарчмаар удирдах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.
Малчид, тариаланчид хоршооны зохион байгуулалтад нэгдсэнээр бүтээгдэхүүнээ хамтран боловсруулах, стандартад нийцүүлэн экспортлох боломж нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар өсөх, эдийн засаг төрөлжин, тогтвортой хөгжлийн үндэс бүрдэх ач холбогдолтой юм.
Тиймээс зөвхөн малчид бус, тариаланчид, фермерүүд, эрдэмтэн судлаачид харилцан уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Ингэснээр хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэх юм. Төрийн бодлого ч мөн энэ чиглэлд анхаарч, олон талын оролцоог дэмжихэд чиглэж байна.
Монгол Улсын Засгийн газар мал аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх тууштай бодлого хэрэгжүүлж, үргэлжлүүлэн дэмжиж ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )