М.Анхцэцэг Олимпын академийн залуучуудын чуулганд оролцож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 09

Олимпын өлгий нутаг Грект Олон улсын Олимпын академийн (IOA) залуучуудын 65 дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Тавдугаар сарын 8-нд эхэлсэн чуулганд дэлхийн 102 Үндэсний олимпын академийн залуу төлөөлөгчид уригдсан байгаа бөгөөд хүндийг өргөлтийн Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Анхцэцэг Монгол Улсаа төлөөлөн, чуулганд оролцож байна. 

“Орчин үеийн нийгэм дэх тамирчин: Эв нэгдлийг урамшуулж, бэхжүүлэх нь” сэдвийн дор 2024 онд болсон Олимпын академийн (IOA) залуучуудын 64 дэх чуулганд оролцсон нэр хүндтэй мэргэжилтнүүдийн лекц, чуулганд оролцсон олимпод оролцогчдын сэтгэл хөдөлгөм түүх, санал, дүгнэлт, ажлын хэсгээс мэдэх боломжтой бүхий л зүйлсийг энэ удаагийн чуулганд оролцогчдод зориулан эмхэтгэн, бэлтгэжээ.

Олимпын хөдөлгөөний залуу элч нар өчигдөр 1896 онд орчин үеийн анхны олимпын наадам зохиогдсон “Panathenaic” цэнгэлдэх хүрээлэнд зочилж, эртний Грекийн дэлхий дахинд өвлөн үлдээсэн сонгодог оюун санаа, соёл иргэншлийн билгэдэл, архитектур, уран барилга, урлагийн хамгийн агуу цогцолбор Афины “Акрополис” (Acropolis)-ыг үзэж сонирхжээ. Мөн 2009 онд үүд хаалгаа нээсэн “Акрополисын музей”-д очиж, ариун хад болон түүний бэл дэх чухал олдворуудтай танилцсан байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu