2025 оны тавдугаар сарын 18-ны өглөөний 06:30 цагт Олон улсын хэмжээний мастер Б.Батхишиг Монголын уулчдын хамт дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн оргилд (8848.86 м) амжилттай гарч, төрийнхөө далбааг мандуулсан билээ.
Энэ авиралт уулчин Б.Батхишигийн хувьд амьдралын жинхэнэ ялалт байв. Учир нь уулчин Б.Батхишиг хорт хавдрын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулж, хавдартай гэж оношлогдсноосоо хойш алдарт Гималайн нурууны 8000 метрээс өндөр 2 дахь оргилдоо ийнхүү амжилттай авираад байна.
“Гайхамшиг бүтээгээд ирье” гэж хэлээд гарсан бүсгүй гайхамшгийг бодитоор бүтээлээ.
Б.Батхишиг хорт хавдрын эмчилгээнүүдээ дууссаны дараа буюу 2024 онд 8163 метр өндөр Манаслу оргилд амжилттай авирсан бол энэ удаад дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестэд хөл тавьж, Монголын уулчдын нэр хүнд, монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, зоригийг дэлхий дахинд үлгэрлэн харууллаа.
Б.Батхишигийн энэхүү амжилтыг 8K Expeditions компани албан ёсоор баталгаажуулан, олон нийтэд мэдээлсэн бөгөөд эх орондоо ирэх баярт мөч ойртсоор байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ховорхон дайчин эмэгтэй бна эрүүл энхийг хүсье баяр хүргэе