Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгажээ

2025 оны 04 сарын 26

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгагджээ. Түүнийг давуу эрхээ ашиглан хуучин хүргэнээ агаарын тээврийн компанид ажилд оруулсан гэж буруутгасан юм.

Хүргэн хүүг ажилд орсны дараах хоёр жилийн хугацаанд буюу 2018 оны долдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сарын хооронд "Eastar Jet" компани түүнд 220 сая вон өгчээ. Үүнд цалин болон Тайландад шилжин ажиллах зардал багтсан байна. Энэ мөнгө нь Мүн Жэ Инд өгч буй шууд бус авлига байсан гэж прокурорууд үзэж байна.

Сөүлд төвтэй "Шударга хүмүүс" иргэний бүлэг анх 2021 оны арванхоёрдугаар сард  Мүн Жэ Ин болон түүний хуучин хүргэн Сео, хууль тогтоогч асан Ли Сан Жик нартай холбоотой гомдол гаргажээ. Ли Сан Жик нь "Eastar Jet"-ийн үүсгэн байгуулагч юм. Хүргэн Сео агаарын тээврийн салбарын туршлага дутмаг ч гэлээ Тайланд дахь "Eastar Jet"-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон болохыг прокурорууд баталсан байна. Энэ хугацаанд Сео ихэвчлэн Өмнөд Солонгосоос буюу алсаас ажилладаг байжээ. Мөн сард найман сая воны цалин авдаг байсан нь тогтсон хэмжээнээс хоёр дахин их мөнгө аж. Мүн Жэ Ин тухайн үед охиныхоо гэр бүлийн амжиргааны зардалд зориулж мөнгө өгдөг байсан. Гэсэн ч хүргэнээ ажилд орсны дараа мөнгө өгөхөө больжээ. Харин агаарын тээврийн компаниас хүргэнд өгч буй мөнгө Мүн Жэ Инд очиж байсан гэж прокурорууд үзсэн юм. Мүн Жэ Иний охин Мүн Да Хэ нөхөр Сеогоосоо 2021 онд салжээ.

Эх сурвалж: KOREA HERALD

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu