Өмнөд Солонгосын Чэжү Эйр агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц Муан нисэх онгоцны ослоос үүдэн тус улсын нисэх буудлуудад дулаан мэдрэгч камер байрлуулахаар болжээ. Уг камер нь шувуун сүрэг нисэх онгоцтой мөргөлдөхөөс сэргийлж чадна хэмээн албаныхан үзэж байна.
Мөн шувуу илрүүлэх радарын системийг дотоодын бүхий л нисэх буудлуудад суурилуулахаар болжээ. Одоогоор Инчон, Гимпо, Гимхэ, Чэжү зэрэг дөрвөн нисэх онгоцны буудалд шувуу илрүүлэх дулаан мэдрэгчтэй камер ажиллаж буй. Засгийн газраас дотоодын 15 нисэх онгоцны буудлуудад доод тал нь нэг камер суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд худалдан авах ажиллагаа ирэх гуравдугаар сард эхлэх аж.
Түүнчлэн шувуу үргээх дуу авиа, хэт богиго долгиог ялгаруулдаг тээврийн хэрэгсэлд суурилуулсан акустик саатуулах төхөөрөмжүүдийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.
Эдгээр нь агаарын хөлөгт эрт сэрэмжлүүлэг өгөх боломж олгож буй бөгөөд цаашлаад шувуун сүргийн дайралтаас урьдчилан сэргийлэх боломжтой аж.
Саяхан хийсэн хяналт, шалгалтаар дотоодын долоон нисэх буудал шөнийн цагаар болон амралтын өдрүүдэд ганцхан хянагч ажиллуулдаг болох нь тогтоогджээ. Өнгөрөгч 12-р сард гарсан ослын үеэр мөн л нэг л хүн ажиллаж байсан болохыг шалгалтын явцад тогтоосон байна. Мөн шалгалтын үеэр дотооодын 11 авиа компанид иж бүрэн шалгалт хийж, хууль дүрэм зөрчсөн дөрвөн хэрэг илрүүлснээс хоёр нь хөдөлгүүрийн засвар үйлчилгээний журмыг дагаж мөрдөөгүй, хоёр тохиолдол нь засвар үйлчилгээний бүртгэл дутуу байсан гэх зөрчил илэрчээ.
Сэтгэгдэл ( 0 )