Америкийн болон Колумбийн эмч нар 2024 онд нас барсан хүмүүсийн тархин дахь бичил хуванцрын хэлтэрхийнүүдийн дундаж тоо 2016 онд нас барсан хүмүүсийн мэдрэлийн систем дэх уг хэлтэрхийнүүдийн нягтралаас дунджаар 50%-иар их байгааг олж илрүүлсэн байна.
Энэ нь сүүлийн хэдэн арван жилд хүний тархинд бичил хуванцар хурдан хуримтлагдаж байгааг гэрчилж байгаа ажээ.
Эдгээр эрдэмтдийн судалгааны тухай өгүүллийг Nature Medicine сэтгүүлд нийтэлсэн байна.
“Байгаль орчныг бичил хуванцрын хэлтэрхийнүүдээр эрчимтэй бохирдуулж байгаа нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх бол гэсэн асуулт бидний санааг зовоож байна. 2016 болон 2024 онд нас барсан хүмүүсийн тархи, элэг, бөөрөнд байгаа бичил хуванцрын нягтралыг хэмжээд, энэ найман жилд бичил хуванцрын тоо хэмжээ 50%-иар нэмэгдсэнийг бид илрүүлсэн” гэж судлаачид бичжээ.
АНУ-ын Нью-Мексико муж улсын их сургуулийн профессор Мэтью Кэмпений удирдсан Америкийн болон Колумбийн эмч, судлаачдын баг 2016 болон 2024 онд нас барсан бөгөөд бие цогцсоо шинжлэх ухааны үйл хэрэгт хандивласан АНУ-ын 50 оршин суугчийн эд эсүүдийг судлах явцдаа ийм нээлт хийсэн байна. Судлаачид нас барсан хүмүүсийн тархи, элэг, бөөрөнд хуримтлагдсан бичил хуванцрын хэлтэрхийнүүдийн нягтралыг хэмжиж, эдгээр бохирдуулагчийн химийн найрлага болон бүтцийг тодорхойлсон ажээ.
Эрдэмтдийн хийсэн судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, өнгөрсөн найман жилд бөөрөнд хуримтлагдсан бичил хуванцрын нийтлэг нягтрал өөрчлөгдөөгүй боловч тэдгээрийн эзлэх хувь хэмжээ элгэнд мэдэгдэхүйц нэмэгдэж, тархинд бүр маш их нэмэгдсэн байв. Сүүлийн хэдэн арван жилд эрдэмтэд хуванцрын асар их хог хаягдлыг зөвхөн гол, нууруудад төдийгүй мөн дэлхийн далайн алслагдсан бүс нутгуудад илрүүлсэн билээ. Энэ аймшигт бохирдлын хор уршиг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлоход чиглэсэн судалгааг эрдэмтэд үргэлжлүүлэн хийх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )