Өмнөд Солонгост өсвөр насныхны инстаграм хэрэглээг ХЯЗГААРЛАЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 24

 

Өмнөд Солонгост өсвөр насныхны цахим аюулгүй байдлыг хангах зорилгоор инстаграм платформыг хязгаарлажээ. Уг шийдвэр энэ сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд насанд хүрээгүй хэрэглэгчид зөвхөн эцэг, эхийн хяналт дор өсвөр насныханд зориулсан тохиргоотой хаягийг хэрэглэх аж. 

Инстаграмын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан уг функцийг дэлхий дахинаа нэвтрүүлэх ажлыг энэ сарын 21-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн гэжээ. Өнгөрсөн жил инстаграм уг шинэчлэлтээ АНУ болон Австрали зэрэг англи хэлтэй улс орнуудад хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны дундуур уг функцээ дэлхий дахинаа хэрэгжүүлэх ажил бүх улс оронд бүрэн хэрэгжиж эхлэх гэнэ. 

14-18 насныхны инстаграм хаяг автоматаар уг функцэд шилжих бөгөөд цаашид шинээр үүсгэсэн хаягууд мөн адил уг шилжилтэд орно. Өсвөр насны хэрэглэгчдэд зөвхөн дагаж буй хүмүүсээсээ DM хүлээн авах боломжтой бол хүчирхийлэлтэй холбоотой зураг, бичлэг зэргийг хязгаарлах аж. Мөн хаягаа 60 минут ашигласны дараа хаягаа хаахыг сануулж, үзэх минутын лимит тогтоож, 22.00-07.00 цагийн хооронд DM-д автоматаар хаагдана. Энэхүү шинэчлэгдсэн функц нь эцэг эхчүүдэд хяналт тавих боломжийг ихээр олгож, хэрэглээний хязгаарыг тохируулах боломжтой. 

Өсвөр насныхан онлайн орчинд тархаж байгаа олон төрлийн мэдээлэлд өртөх болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсаар буй. Үүнтэй холбогдуулан өнгөрөгч 2024 оны арваннэгдүгээр сард Австрали улс 16-аас доош насны хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон хуулийг баталсан анхны улс болжээ. Норвеги улс мөн сошл медиа ашиглах насны доод хязгаарыг 13-15 болгох тухай хэлэлцэж эхэлсэн бөгөөд Өмнөд Солонгос улс ч уг шилжилтэд нэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top