Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сог Ёлийг дэмжин жагсаж байсан залуус өнгөрсөн ням гарагт Сөүл хотын шүүх рүү дайрч, урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүйгээр танхайрчээ. Эх сурвалжууд уг жагсаалд оролцогчид өмнөх жагсаалуудаас насны хувьд харьцангуй залуу хүмүүс оролцсныг дурджээ.
Өмнө нь эсэргүүцлийн жагсаалд 60-70 насныхан түлхүү оролцож байсан. Энэ удаагийн үймээний үеэр баривчлагдсан 90 хүний талаас илүү хувь нь 20-30 насныхан байсан тухай цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр баг зүүсэн залуус шүүхийн цонх хагалж, дотор нь байсан эд хөрөнгийг сүйтгэж, улмаар цагдаа болон жагсагчдын дунд мөргөлдөөн үүсчээ.
Улс төрийн тоймч Пак Сан Бён энэ тухай "Эмэгтэйчүүдийг эрчүүдээс дээгүүр тавих болсон нийгэмд эрчүүд олон жил эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн. Энэхүү урт хугацааны эсэргүүцэл тэднийг ийнхүү хэт барууны үзлийн эсрэг хөтөлсөн. Эдгээр залуусын гомдол нь эрчүүдэд тохиолдож буй ажилгүйдэл, орон сууцны үнэ өсөх, гэрлэж чадахгүй байх зэрэг нийгмийн хүрээний өргөн асуудлуудаас үүдэлтэй бөгөөд ардчилсан засаглалын үед энэ байдал улам бүр дордсон.
Гэхдээ залуус ташаа мэдээлэл тараадаг Юүтүб болон бусад онлайн платформууд дахь мэдээллийг үндсэн эх сурвалжаа болгох болсон. Юүтүб хуудаснаа Бэ Ин Гюү гэх хүн эрчүүдийг феминистууд болон коммунистуудын эсрэг нэгдэх хэрэгтэй гэж уриалах болсон. Тэрээр мөн Юн Сог Ёлийг эсэргүүцэгчдийн жагсаалыг Хятадууд санхүүжүүлсэн гэх таамаглалыг дэмждэг нэгэн.
Эмэгтэйчүүд нийгэмд голлох байр суурийг эзэлж, дуу хоолойгоо нэгтгэх болсон нь олон залуусыг хяралд хүргэсэн мэт санагдаж байж болзошгүй. Тиймээс залуус эсэргүүцлийн жагсаалд олноор оролцож, өөрсдийнхөө төлөө ийн тэмцэж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )