П.Орхон, С.Цэрэнчимэд нарын барилдаан УАШТ-ийг шуугиуллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдрийн медальтнууд өчигдөр (2025.01.20) тодорлоо.

Чөлөөт бөхийн УАШТ-ий 53 кг-д ЧИНБОЛДЫН ОТГОНТУЯА түрүүллээ

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Алдар" спорт хорооны бөх, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай Ч.Отгонтуяа, "Дархан Хасу FOHOW" клубийн харьяат, Азийн АШТ-ий үзүүр бөх Ц.Намуунцэцэг нар аваргын төлөө барилдлаа. Эдгээр бөхчүүд хэсгийн шатнаа учраа таарахад Ч.Отгонтуяа 9:8 харьцаатайгаар ялсан юм.

Ч.Отгонтуяа финалд хий зайгүй нягт барилдсанаар өрсөлдөгчөө цэвэр давж түрүүллээ. Хүрэл медалийг 20 хүртэлх насныхны ДАШТ-ий үзүүр бөх Бямбасүрэнгийн Халиун гардав. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд “Дархан Хасу Fohow” клубийн бөх Г.Цовоог хүч, техникийн илт давуугаар буулгаж авлаа.

С.Цэрэнчимэд VS П.Орхон 

Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдрийн гол анхаарал “Алдар”-ын хоёр гавьяатын барилдаанд төвлөрч байлаа.

Өнгөрсөн жил тэд Буянт-Ухааг шуугилж, эцсийн хоромд шийдэгдсэн барилдааны ялагчаар П.Орхон тодорсон. Тэгвэл өнөө жил С.Цэрэнчимэд гавьяатын тонгорох мэх дархан байлаа. Хоёр гавьяатын барилдаан ганцхан онооны зөрүүтэй шийдэгдэж, С.Цэрэнчимэд УАШТ-д долоо дахь түрүүгээ дархлав. Энэ наадмын үзүүр бөхөөр дэлхийн аварга П.Орхон тодорсон бол “Баянгол Аваргууд” академийн тамирчин Эрдэнэбилэгийн Саруул өрсөлдөгч бөхөө 30 секундэд буулгаж авснаар хүрэл медаль зүүлээ.
 


57 кг-ын жинд БАТХУЯГИЙН МӨНХ-ЭРДЭНЭ хоёр дахь жилдээ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны тэртээ 1980 онд олимпын наадмаас хүрэл медаль авчирч байсан 57 кг-ын жинд “Төгс” дэвжээний бөх, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ, Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчин, 23 хүртэлх насныхны Монгол Улсын аварга С.Жигүүр нар финалдлаа. Энэ барилдаанд цэвэр ялсан Б.Мөнх-Эрдэнэ хоёр дахь жилээ дараалан Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэв.

“Алдар” спорт хорооны бөх 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий хүрэл медальт М.Даваабанди эл жингийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль зүүлээ. Харин энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Баянгол Аваргууд” академийн тамирчин Л.Мөнх-Од гардлаа.
 


Э.Даваанасан УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлэв

ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан эмэгтэйчүүдийн 76 кг-д итгэл төгс түрүүллээ. Тэрбээр бүх барилдаандаа цэвэр ялахдаа нэг ч оноо алдаагүй юм.

Энэ нь түүний УАШТ-ий дөрөв дэх түрүү болжээ. Хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин Г.Уртнасан мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр УАШТ-ий хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна. Залуу тамирчин О.Цэлмүүн насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авлаа.

Эмэгтэй, 76 кг-ын дүн

1. Э.Даваанасан (Алдар)
2. Г.Уртнасан (Хилийн цэргийн 0303-р анги)
3. О.Цэлмүүн (New Gen Team)
 


Т.Түвшинтулга 61 кг-ын жинд түрүүллээ

Чөлөөт бөхийн 2025 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий 61 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий үзүүр бөх З.Занабазар, “Баянгол Аваргууд” академийн бөх, ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга нар үзүүр, түрүүнд шалгарав.

Өнгөрсөн оны УАШТ-ий үеэр Т.Түвшинтулга жин өгсөж, 65 кг-д хүч сорьсон бол харин З.Занабазар жин хасаж 57 кг-д зодоглож байлаа. Улмаар Т.Түвшинтулга хүрэл медаль зүүсэн бол З.Занабазар үзүүрлэсэн юм. Тэгвэл тэдний үндсэн жиндээ түрүү булаалдсан барилдааны ялагчаар Т.Түвшинтулга тодорлоо.

Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр түрүүтэй З.Занабазар сүүлийн хоёр жилд дараалж үзүүрлэсэн нь энэ. Энэ жинд “Цаст тайга” клубийн тамирчин Н.Ганбаяр, “Аврагч” спорт хорооны бөх Э.Энхболд нар хоёул өрсөлдөгчөө цэвэр ялж хүрэл медалийн эздээр тодорлоо.
 


Ц.Цогбадрахын дөрөв дэх АЛТАН МЕДАЛЬ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-д дэлхийн аваргын отгон медальт Ц.Цогбадрах итгэл төгс түрүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд “Аваргууд” академийн Д.Төрбаярыг цэвэр дарсан.

Ц.Цогбадрахын хувьд УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлсэн нь энэ. Харин 2022 оны МБАТС-ын хүрэл медальт Д.Төрбаяр улсын аваргад анх удаа финалдаж, анхны мөнгөн медалиа хүртлээ. Залуу тамирчин Б.Зэнээмэдэр, Б.Гантулга нар насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авсан байна. Б.Зэнээмэдэрийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд 2:1-ээр хожигдож яваад цаг дуусахтай зэрэгцэн ард нь гарч, хожлын оноогоо авсан юм.

Эрэгтэй, 65 кг-ын дүн

1. Ц.Цогбадрах (Алдар)
2. Д.Төрбаяр (БГД Аваргууд академи)
3. Б.Зэнээмэдэр (Тэх Мөнх)
3. Б.Гантулга (Тэх Мөнх)


Гавьяат тамирчин Т.ТУЛГА дээд жиндээ торолгүй түрүүллээ

ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын V байрын шагналт гавьяат тамирчин Т.Тулга жин өгсөж 70 кг-д барилдаад итгэл төгс түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Б.Өсөхбаярыг оноогоор цэвэр ялсан.

Б.Өсөхбаярын хувьд өмнө нь УАШТ-ээс хоёр хүрэл медаль аваад байсан бол энэ удаа мөнгө дээр буув. Т.Өглөөжаргал УАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн бол А.Анх-Эрдэнэ насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа өөрийн болгосон юм.

Эрэгтэй, 70 кг-ын дүн

1. Т.Тулга (Хүч)
2. Б.Өсөхбаяр (МЧБХ)
3. Т.Өглөөжаргал (New Gen Team)
3. А.Анх-Эрдэнэ (Налайх)
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top