Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна.
45 дахь удаагийн тэмцээнд 194 орны баг өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байгаа юм.
Манай улсын шатарчид 2022 онд болсон 44 дүгээр олимпиадад 162 орноос багаараа 15 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт болсон. Харин Монголын тамирчдаас тус тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт гэвэл, 1960 онд Л.Мягмарсүрэн IV ширээнд алт, 1964 онд Т.Үйтүмэн II ширээнд алт, 2022 онд Б.Мөнгөнзул IV ширээнд алтан медаль хүртэж байв. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй шатарчид 1956 онд анхлан оролцож байсан бол эмэгтэй шатарчид 1963 онд анхлан оролцсон түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )