Б.Гомбо-Очир: “Чио Чио сан” хүмүүсийг дотоод ертөнц рүүгээ өнгийж харахад хүргэдэг

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 07 сарын 04

ДБЭТ 61 дэх улирлын хаалтын тоглолтоо Ж.Пуччинигийн “Чио Чио сан” буюу “Эрвээхий хатан” дууриар өндөрлөх гэж байна. Ирэх амралтын өдрүүдээр буюу энэ сарын 22, 23-нд тоглох юм. Бид энэ удаа Пинкертонд тоглох Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Гомбо-Очирыг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.


-Та “Чио Чио сан”-д хэд дэх удаагаа тоглох гэж байна вэ. Ямар ямар дүр бүтээж байв?

-Манай театрын 61 дэх улирлын тоглолт Ж.Пуччинигийн “Чио Чио сан” дууриар хаах гэж байна. Миний хувьд “Чио Чио сан” дуурийн Пинкертоны дүрийг бүтээж байгаа. Энэ дүрийг бүтээгээд 10 гаруй жил болжээ. Яг хэд дуулснаа одоогоор хэлж мэдэхгүй байна. Тоолж үзэж байсангүй. Өөрийнхөө хэмжээнд дуулаад л явж байна даа. Хөгжмийн хувьд маш гоё, уянгалаг. Гайхалтай тансаг аялгуутай бүтээл юм. Хайр дурлал, хагацал бүгдийг илэрхийлж чаддаг.

-Аливаа уран бүтээл дээр дуулах тусам ур чадвар өсөж, хувь уран бүтээлч хөгжиж байдаг. Энэ хэрээр үзэгчдээ давхар баярлуулдаг гэж боддог. Уран бүтээлч өсөж хөгжихийн хэрээр уран бүтээл чанартай болж, үзэгчид гүйцэтгэл сайтай бүтээл хүлээн авч, хүртэж, оюуны цэнгэл эдэлдэг шүү дээ. Мэдээж, олон дахин дуулах тусам хүн хаана, яаж алдах гээд байдгаа болон яавал илүү сайн тоглох вэ гэдгээ ч мэддэг болж, хашир суудаг байх. Дуулах тусам дүрийн тоглолт сайжирна даа?

-Тэгэлгүй яах вэ. “Чио Чио сан” дуурьт Горо гэж мөн тенорын дүр бий. Би анх ДБЭТ-т орж ирэхдээ энэ туслах дүрд тоглодог байлаа. Яг Пинкертонтойгоо харилцдаг. Мөн Шарплес, Чио Чио сантайгаа харилцдаг туслах дүр. Тиймээс анх энэ дүрд тоглож байсан хүний хувьд хөгжим хаанаасаа явж байна вэ гэдэг ч юм уу, энд алдчихав уу, тэгвэл ингэнэ гэдэг ч юм уу туршлага суусан байх. Өмнө нь нэг дэх, хоёр дахь гараан дээрээ ч гэдэг юм уу сэтгэл хөдлөлөөрөө дуулчих гээд байдаг, ингэхээр хөгжимнөөсөө түрүүлж орох гэдэг ч юм уу, тиймэрхүү байдал гаргачихдаг байсан. Харин одоо бол арай өөр. Ёстой л дуулах тусам аялгуу нь чихэнд маш сайн сууж, нийтийн дуу шиг цээжээрээ дуулдаг болчихдог юм билээ. Тиймээс одоо тоглохдоо сэтгэлийн хөдөлгөөнөө барьсхийж, яг хөгжим, дуулалт талаас нь ажиллаж, бэлтгэлээ хийж байна. Ерөнхийдөө, одоо бол үйл явдлаа мэдэж байгаа, юуг хэлж, илэрхийлж байгааг бүгдийг нь ойлгож байгаагийн хувьд дуулалт дээрээ илүү ажиллахыг хичээж байгаа. Мэдээж, дуурь учраас дуулна, тэр дундуураа жүжиглэнэ.

-Та “Чио Чио сан” дуурийг үзэхээр зориод ирсэн үзэгчдэд юу амлаж чадах вэ?

-Магадгүй, миний л бодол байх. Манай улсад гэр бүл салалт, үүнээс улбаалаад хүүхэд өнчрөх асуудал их байна. Тэгвэл “Чио Чио сан” дуурийг үзсэнээр хүнд иймэрхүү байдлыг үүсгэж, халуун зүрхний хайртаасаа хагацаж, гэр бүлээ салгаж болохгүй юм байна шүү гэдгийг урлагийн хэлээр ойлгуулна байх. Дуурийн агуулга, утга санаа, бараг шууд утгаар нь илэрхийлнэ. Магадгүй, иймэрхүү асуудалтай хүн үзвэл “За, би ер нь ингэж болохгүй юм байна шүү. Энэ хүүхэд ингэх юм байна. Хайртай хүнээ хэтэрхий ихээр гомдоочих юм байна. Хайртай хүнээ гомдоовол юу ч хийж болзошгүй тийм байдалд хүрдэг юм байна” гэдгийг л ерөнхийдөө илэрхийлж харуулсан дуурь юм. Ирж үзсэнээрээ, гэр бүл, хайр сэтгэлийн үнэ цэнийг бүр илүү ойлгож, алдаа оноогоо эргэж харан, маш их ухаарал авна. Нэг хүнд дурлаж хайрласан бол үнэнч байхын утга учир, үнэ цэнийг илүү тодоор харуулдаг.

-Та хүслээ гүйцээж чадсан уу. Тодруулбал, ийм дуурийн тэр дүрд тоглоно гэдэг ч юм уу?

-Хүний хүсэл мөрөөдөл гэдэг зүйл чинь хязгааргүй шүү дээ. Тэр утгаараа “Би энэ дүрд тоглох юмсан”, “Тэр дуурьд дуулах юмсан” гэдэг хүсэл биеллээ гэхэд дараагийн нэг мөрөөдөл гараад л ирдэг. Манай ДБЭТ дэлхийн болоод Монголын сонгодог 60 гаруй дуурийг тоглодог. Хамгийн багадаа жилдээ 20 орчим дуурь тоглож байна. Миний хүсэж байсан, дуулчих юмсан гэж бодож явсан мөрөөдлийн дууриудын маань нэг “Чио Чио сан” мөн.

-Зарим хүний хүсэл биелчихээр сэтгэл ханачихдаг шүү дээ. Дуурийн дуучин хүний хувьд хүссэн дүрдээ тоглолоо гэхэд сэтгэл ханах мэдрэмж төрөх үе байх уу?

-Дуучин хүн ийм мэдрэмжийг бараг л авахгүй байх шүү. Яагаад гэвэл, эхний тоглолтдоо гарлаа, одоо дараагийн удаад ингэнэ, тэгнэ гээд байнга өөрийгөө засаж сайжруулж явдаг юм. Дүрээ баталгаажуулна гэж ярьдаг шүү дээ. Би “Чио Чио сан”-д дуулахыг хүсэж мөрөөддөг байсан. Хүсэл мөрөөдөл маань биелж, “Би “Чио Чио сан”-д тоглочихлоо шүү дээ. Одоо боллоо” гэж би л хувьдаа сэтгэл ханаж байгаагүй. Дараагийн тоглох дууриа бодож, дүрээ яаж илэрхийлэх вэ, надад тохирох ямар хэсэг байгаа юм бол гэж хайж, түүнийгээ эрэн сурвалжилж, илэрхийлэн гаргахын хичээж л явдаг.

-Их эрч хүчтэй ярьж байна шүү.

-Баярлалаа.

-“Авьяас тэтгэвэрт гардаггүй” гэж ярьдаг шүү дээ. 

-Дуучин байна гэдэг бас их хүнд хөдөлмөр шүү. Нэг дуурьд дуулахад найман цагт уурхайд ажилласантай тэнцэнэ гэж ярьдаг. Миний хувьд гэхэд, би нарийн цээл хоолойтой, тенор хүн. Тиймээс ихэнхдээ хайр сэтгэл, ханхүү, гоё залуу эрийн дүр ирдэг юм. Илэрхийлэмж нь дандаа ийм байдаг гэсэн үг. Нас явахын хэрээр хүний бие физиологи өөрчлөгдөх нь ойлгомжтой. Тэгэхлээр, би жишээ нь 50 гарчихаад “Ханхүүд дуулна” гээд явж байвал гоо зүйн хувьд нийцэхгүй. Хэрэв тийм зүйл боллоо гэхэд үзэгчдийн авах таашаал ямар байх вэ. Тиймээс ч гоцлол дуучнаар тасралтгүй 20 жил ажиллах юм бол тэтгэвэртээ суух боломж нээгддэг. Балеттайгаа яг адилхан залуу насны урлаг шүү дээ. Тиймээс “Яг цагтаа” гэдэг шиг өөрийнхөө цаг хугацаандаа амжиж юу хийж болохоор байна, түүнийгээ тултал нь хийгээд явах ёстой гэж боддог. Одоохондоо би өөрийгөө театртаа бүрэн зориулна. Гэхдээ өнөөдөр “Чио Чио сан”-д дуулах, маргааш өөр жүжигт дуулах ондоо байдаг тул алхам тутамдаа суралцаад л, аугаа багш нарынхаа зааж өгсөн бүгдийг эргэн санаж, хийж хэрэгжүүлэхийг хичээсээр л явна даа.

-Та багаасаа дуулсан уу. Дуурийн дуучин болох нь таны мөрөөдөл үү. Аль эсвэл хувь тавилангийн өгөгдөл үү? 

-Хувь тавилангийн өгөгдөл байсан болов уу. Хүмүүс “Багаасаа дуулдаг байсан”, “Арван жилд байхдаа урлагийн үзлэгт ордог. Тийм ч уралдаан тэмцээнээс ийм ийм медаль, шагнал авч байсан” гэж ярьдаг шүү дээ. Гэтэл би арван жилд байхдаа дуулж байсангүй. Гэхдээ урлагт их ойрхон өссөн. Миний аав Т.Бямбажав Ерөнхий боловсролын сургуульд дуу хөгжмийн багшаар ажилладаг байлаа. Аавынхаа нөлөөгөөр хөгжим гэдэг зүйлд маш ойрхон өссөн. Манай гэрт бүхий л төрлийн хөгжим байдаг байлаа. Тэр бүгдийг тоглох гэж оролдоно шүү дээ. Тэгэж явсаар бүр сүүлд л “Дуулъя” гэдэг бодол орж ирж байлаа. 10 дугаар анги төгсөхдөө шүү. Түүнээс өмнө би дандаа найз нарынхаа хөгжмийг л тоглодог байсан юм. Ар талд нь үлээвэр хөгжим тоглоод зогсож байдаг. Эсвэл Yamaha үүрээд л гүйдэг байсан. Ингээд дуулах тухай бодол орж ирснээсээ хойш  манай нутгийн уугуул, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Монгол Улсын Гавьяат жүжигчин, аугаа дуучин П.Ганбат агсны дууг маш их сонсож, дагаж дуулдаг болсон доо. Ингээд СУИС-д шалгуултал тэнцсэн. Манай ангид 20-иод л хүүхэд орж байсан юм. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди хэмээх гайхалтай сайхан багшийн шавь болж байлаа. Яг ажиллаж байх хугацаандаа ДБЭТ-т тавьж байсан бүхий л дуурийн гол дүрийг бүтээсэн нарийн цээл хоолойтой тенор дуучин даа.

-Маш их урын сантай, гайхалтай жүжигчин байсан гэдэг?

-Аугаа, аугаа. Гайхалтай сайхан хүн байлаа, багш маань. Сонгодог урлагт намайг дурлуулсан хүн шүү дээ. Багш маань нас барсны дараа үргэлжлүүлэн сурахдаа Монгол Улсын гавьяат жүжигчин, Ардын багш О.Ичинхорлоо багш дээр төгссөн. О.Ичинхорлоо багш маань намайг ДБЭТ-ын гоцлол дуучин болох үндэс суурийг тавьж өгсөн ачтан даа. Монгол Улсад анх удаа буюу 2010 онд Ж.Вердийн “Аида” дуурь тавигдаж байсан юм. Түүнд О.Ичинхорлоо багш маань намайг бэлдэж, улмаар ДБЭТ-ынханд сонсгон тэнцсэнээр 2011 онд СУИС-ийг төгсөхдөө шууд гоцлол дуучнаар орж байсан хувьтай хүн дээ, би.

-Далд ухамсар судалдаг хүмүүс “Дуу хөгжим бол сүнсний хоол” гэж үздэг юм билээ. Энгийн хүний нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй дээд түвшний зүйлийг тэжээж тэтгэдэг гэхээр дуу хөгжим бол их нарийн, нандин урлаг. Тиймээс ч “Театр бол ариун сүм” гэж ярьдаг байх?

-Хэн мэдэх вэ. Өөрийнхөө хэмжээнд өөрт заяасан өгөгдөл бүрээ бүрэн дүүрэн ашиглаж, сайн ажиллахыг л хичээж явна даа. Харин тэр сүнс гээч зүйлийг хооллож байгаа, үгүйгээ би хэлж мэдэхгүй юм байна. Ямартаа ч, Монгол Улсдаа байгаа ганц мэргэжлийн театрын өндөр босгыг давж, “тогоонд нь чанагдаад” явж байгаадаа их баяртай байдаг. Тэр болгон хүссэн хүн бүрд заяахгүй хувь тавилан шүү дээ.

-Хүссэн хүн болгон дуурийн дуучин болдоггүйтэй адил үзсэн хүн бүр бас дуурийг сайн ойлгохгүй байх тохиолдол олонтаа? 

-Ард иргэдийн хувьд ч ДБЭТ-аа зорин ирж дуурь, балет үзнэ гэдэг бол өндөр боловсрол шаарддаг. Түүнээс биш дуу хөгжим сонсдог, бүжигт дуртай гээд хүн болгон дуурь, балет үзээд байхгүй л дээ. Гэхдээ урлагийн хаан бол яалт ч үгүй сонгодог урлаг. Түүнийг ойлгодог мэдэрдэг хүмүүс л зорьж ирж үздэг. Миний анзаарч байгаагаар бол, энэ нь зөвхөн манай улсад ч биш дэлхий даяараа л ийм хандлагатай байдаг. Хамгийн их үзэгчтэй байдаг нь балетын урлаг. Тайзан дээр жүжиглэж байгаа хэдий ч хөдөлгөөний урлагаар хүнийг илүү татдаг. Үзэгчид нь тэр гоо сайхныг мэдрэхийн тулд хэдэн ч настай бай хамаагүй ирж, зэрэгцэж суугаад үздэг юм шиг надад санагддаг. Дуурийн урлагт бол жүжиг нь их чухал. Зарим дуурийг бага насны хүүхэд ойлгоход их хэцүү шүү дээ. Дуурь, балет илэрхийлэмжийн хувьд иймэрхүү ялгаатай ч хүүхэд залууст зориулсан “Увидаст лимбэ”, “Дурлалын ундаа” зэрэг дуурь бий. Гэхдээ дэлхийн хэмжээний дуучин болсон Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Ч.Бадрал нарыг ирж тогловол ДБЭТ-т битүү хүн цугларна байх. Дэлхийн хэмжээнд дуулж байгаа уран бүтээлчдийнхээ тоглохыг үзэх гэж зорьж ирнэ, зарим нь алдар нэрийг нь сонсоод бахархаж гайхсандаа харах гэж ирнэ шүү дээ.

-Та урын сандаа хэчнээн бүтээлтэй вэ?

-Багцаагаар 15 дуурийн гол дүрийг бүтээсэн. Туслах дүр ч ойролцоо байх болов уу. Мөн Монголын хөгжмийн зохиолчдынхоо мэргэжлийн болон нийтийн дуунуудаас дуулахыг боддог. Бие даасан болоод хамтарсан тоглолт хэд хэдэн удаа хийлээ. Энэ нь нөгөө утгаараа уран бүтээлийн тайлан гэсэн үг юм даа. Би шинээр ийм зүйл сурлаа гэдгээ илэрхийлэн гаргадаг учраас ойр ойрхон тоглох боломж тэр болгон гарахгүй. Баримжаалвал, гурван жил тутамд иймэрхүү тоглолт хийж иржээ.

-Та хүүхэд байхдаа Монгол Улсын гавьяат жүжигчин П.Ганбат агсны дуулахыг их сонсдог байсан гэж ярилаа. Харин одоо хэнийг илүү сонсож байна вэ.

-Би тухайн үедээ дэлхийд үнэлэгдсэн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин П.Ганбат агсан шиг дуулж сурах юмсан гэж боддог байсан. Дараа нь миний шүтээн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди гэдэг аугаа багш маань байлаа. Хамгийн анх энэ хоёр хүнийг “уулын оргил” болгон харж, СУИС-д орж суралцан, мэргэжлийн бакал тавиулаад, ари, романс дуулж үзээд, түүндээ дурлаад одоог хүртэл явж байна. Жинхэнэ жентельмен гэж би Д.Банди багшийгаа хэлнэ. Одоо ч би багшаасаа үлгэр дууриал авч, үг сургаалыг нь бодож явдаг шүү.

-Ажил, амьдралын тэнцвэрээ яаж олж байна вэ. Багш нар тань юуг захиж сургасан бэ. Мэдээж, тайзан дээрх сэтгэл хөдлөл, хэт хөөрлөөр амьдрал руугаа буугаад очиж болохгүй шүү дээ?

-Дуурийн урлагт эргэлт буцалтгүйгээр оржээ. Гэхдээ дуучин хүний амьдрал дандаа тайзан дээр өрнөхгүй шүү дээ. Надад маш сайн хань заяасан. Миний хань А.Хишигтогтох намайг маш сайн ойлгож, энэ урлагт ямар их дуртай вэ гэдгийг мэдэрч, ажлаа хийх бүхий л боломжийг олгодог. Ар гэртэй холбоотой бүхнийг маш сайн авч явдаг даа. Ялангуяа, манай ДБЭТ-ын ажлын цагийн хуваарь жаахан онцлогтой. Хүмүүсийн ид ажлын өдрүүд эхэлж байхад буюу долоо хоногийн эхний хоёр өдөр болох даваа, мягмарт амардаг. Тэгсэн мөртлөө хүмүүс бүгдээрээ амардаг бямба, ням гарагт ажилладаг. Гэр бүлийн маань хүн бусдын жишгээр л ажиллаж амардаг л даа. Энэ бүхнийг ойлгож зохицуулдаг хань ижил, гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэй учраас энэ хүртэл явжээ. Та нартаа маш их талархдаг шүү. Урлагийн хүний хувьд тайзан дээр хоолой маш цээл гарч, жүжгээ гүйцэтгэл сайтай хийгээд үзэгчдийнхээ алга ташилтаар шагнуулаад зогсож байхад тэдний маань үүрэг оролцоо маш их бий. Үзэгчдийн алга ташилт бол бидэнд маш их урам зориг өгч, хөглөн дэмждэг. Ингээд л тайзан дээрээс буугаад жинхэнэ Гомбо-Очир руугаа л очно доо.

-Ялангуяа, “Чио Чио сан” бол хүний сэтгэлийг утсыг жинхэнэ хөндөнө байх?

-Хөгжим, дуулалт, жүжиглэлт бүх зүйл нийлээд хүний сэтгэлийг дээд зэргээр хөдөлгөж чаддаг. Таны хэлснээр, хүний сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэдэг дуурь бол “Чио Чио сан”. Хүний ганихарсан ч юм уу, жаахан уруудаж яваа сэтгэлийг сэргээж, хөглөж чадах газар бол Дуурийн театр гэж би хувьдаа боддог. Энэ алтан тайзнаас хүн маш гоё ухаарал, тайтгарал авч, үг, үйлдлээ зөв болгохыг хичээж эхэлнэ байх. Тиймээс үзэгчдээ ирж дуурь үзээрэй, ялангуяа энэ “Чио Чио сан”-ыг зориод үзээрэй гэж уримаар байна. Энэ улирлын хаалтын тоглолтоор буюу ирэх амралтын өдрүүдэд тоглогдоно. Хэрэв энэ удаад ирж үзэж амжихгүй байлаа гэхэд дараагийн улирлаар тоглогдоно байх. Тэр үед нь ирж үзэж болно. Бусад дуурьтай харьцуулахад хүнд маш их зүйлийг бодуулж, дотоод ертөнц рүүгээ өнгийж харахад хүргэдэг учраас болдогсон бол хүн бүр л үзээсэй.

-Үзэгчийг орчноос нь тасладаг урлаг бол дуурь. Хэд, хэддүгээр зуунд ч аваачаад байгаа юм. Язгууртны гэгддэг тэртээх зуунуудаар хангалттай аялуулдаг. Гэхдээ дуурийг орчин үеийн болгож найруулан тавьж болно биз дээ. Эсвэл сонгодог урлаг гэдэг утгаараа уламжлалаа хадгалан, орчин цагийн дэглэлт хийж тавих нь хориотой байдаг юм болов уу? 

-Болно л доо. Дэлхий хаашаа харж, алхаж байна вэ. Дууриудаа яаж тавьж байна вэ гэдгийг бид бүгдээрээ л харж байна. Ж.Вердийн “Риголетто” гээд гоё дуурь байдаг шүү дээ. Энэ дуурийг янз бүрээр, бүр нүцгэнээр хүртэл тоглож байна. Хүмүүсийг татахын тулд ёстой жинхэнэ “солиоруулж” байна шүү дээ. Манай ДБЭТ бол Азидаа анхдагч театрын нэг учраас уламжлалаа алдахгүйг хичээдэг юм болов уу даа. Түүнээс биш найруулагчийн сонголтоор орчин цагт дуурийг яаж л бол яаж тавьдаг болжээ. Удирдлагууд ямар дуурийг яаж тоглуулах вэ гэдгээ ч сонгоно шүү дээ. Миний хувьд яаж ч тоглоход бэлэн. Найруулагч, удирдлага юу гэж хэлнэ вэ түүнийг л биелүүлж, дуулах тоглох үүрэгтэй гүйцэтгэлийн уран бүтээлч шүү дээ. 

-Дуучин хүнд хоолой чухал уу. Царай зүс, нуруу, галбир гээд дүр төрх чухал уу?

-Аль аль нь бурхнаас өгсөн өгөгдөл байх. Бас аль аль нь чухал шүү дээ. Зарим хүний хувьд бараг явах замыг нь хүртэл зурчихсан юм шиг өгөгдөлтэй “од”-ууд байдаг шүү дээ. Авьяас билэг, хоолойн цар, царай зүс, нуруу гээд дүр төрхийн хувьд ч, мэргэжлийн ур чадварын хувьд ч бүхий л зүйлээрээ тэгш сайхан, төгс төгөлдөр хүмүүс ч байдаг. Юутай ч манай дуурийн дуучид, уран бүтээлчид өөр өөрсдийн өгөгдлөөр буюу зураг төөргөөрөө ДБЭТ-ын тайзнаа төдийгүй дэлхийн хэмжээний том, том театруудад тоглоод явцгааж л байна. Энэ бол бидний хувьд маш том бахархал шүү дээ.   

Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио сан” буюу “Эрвээхий хатан” дууриа анх хоёр үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтыг 1904 онд алдарт Ла Скала театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй байна. Тиймээс Ж.Пуччини богино хугацаанд дууриа засч гурван үзэгдэлтэй болгон бичсэнийг Брессиагийн театрт тоглоход гайхалтай амжилттай болжээ. Дуурийн цомнолыг Л.Иллиса, Ж.Жакоса нар зохиолч Ж.Л.Лонгийн “Эрвээхий хатан” туужаас сэдэвлэн бичсэн байна. Ж.Пуччини 1906 онд гурав дахь хувилбараа бичиж Нью-Йоркийн театрт тоглуулаад 1907 онд дөрөв дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогдсон байна. Хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Ж.Пуччини нэгтгэн засварлаж эцсийн хувилбарыг гаргажээ. Энэ нь “Үндсэн эх” хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдсоор байгаа юм. “Чио Чио сан” дуурь дэлхий дахинаа тогтмол тоглогддог дуурийн зургаадугаарт бичигддэг аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top