WEEK in BRIEF I Нийгэм дэх хүчирхийллийн асуудал сөхөгдөж, Тайваньд 25 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт болов

2024 оны 04 сарын 06

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхийд болон дотоодод болж өнгөрсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.


- 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГИЙГ ОЛГОЛОО - 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29.3 сая тонн нүүрс борлуулж 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монгол Улсын 3.4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.

Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256 мянган төгрөг, 750 ширхэг хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 179 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх 2009 онд 1072 ширхэг хувьцаатай 2.5 сая иргэнд 87 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2022 онд Онцгой дэглэм тогтоосноор санхүүгийн сахилга бат сайжирч, борлуулалтын орлого нэмэгдэж 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 ширхэг хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон. 2023 онд олон нийтэд мэдээллийг ил тод болгож, өр төлбөрийг бууруулж, нүүрсээ хил нөхцөлөөр биржээр арилжаалж эхэлснээр компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирч 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 760 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олголоо.

 

- ТАЙВАНЬД ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨР 12 ХҮН АМИА АЛДАЖ, 1113 ХҮН ГЭМТЭЖ БЭРТЭВ -

Тайваньд энэ сарын 3-нд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, байшин барилга нурж, хазайсан билээ. Газар хөдлөлтийн үеэр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж, 12 болжээ. 1113 хүн гэмтэж бэртсэн байна.

Энэ нь Тайваньд сүүлийн 25 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт юм. Аврах багийнхан хүрч чадахгүй байгаа, гацсан 659 хүн байгаа аж. Арал даяар мэдрэгдсэн газар хөдлөлтөөр сураггүй болсон хүний тоо 20 орчим байна. Газар хөдлөлтийн дараа олон удаа чичирхийлэл мэдрэгдэж, олон арван байшин барилга нуржээ.

Газар хөдөлсний дараа хөрш Япон болон Филиппин улсын зарим аралд цүнамигийн түгшүүр зарласан юм.

Тайванийн хамгийн их хохирол учирсан хот нь Хуалень аж. Хонгил, хазайсан байшин барилгуудад хоол хүнс, усгүй түгжигдсэн хүмүүсийн амь нас дээсэн дөрөөн дээр байна.

 

- ӨСВӨР НАСНЫ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ЦАГДААГ ЦАГДАН ХОРИЛОО -

Өнгөрөгч гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид өсвөр насны охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нэр холбогдсон цагдаа нараас хоёр нь үйлдсэн хэргээ хүлээгээд байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх прокурорын саналыг энэ сарын 5-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Ийнхүү алба хаагчид нь гэмт хэрэгт холбогдсонтой холбогдуулан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаалыг нь бууруулж Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна.

 

- СУИС-ИЙН ТӨГСӨГЧДӨД ДЭЭРЭЛХҮҮЛСЭН ГЭХ ИРГЭН ГОМДОЛ ГАРГАВАЛ ШАЛГАНА -

СУИС-д гадуурхал үе дамжсаар ирсэн гэдгийг тус сургуулийн төгсөгчид цахимаар илэрхийлсээр байгаа билээ. Зарим жүжигчинтэй холбоотой дээрэлхэлтийн дуулиан СУИС-ийг төгсөгчдийг төдийгүй урлагийн салбарынхныг дуу хоолойгоо илэрхийлж, шүгэл үлээхэд хүргээд байна.

Дээрэлхэлт гадуурхлын асуудлыг шалгаж байгаа эсэхийг тодруулахад Цагдаагийн ерөнхий газраас “СУИС-ийн төгсөгчдөд дээрэлхүүлсэн гэх иргэн эсвэл алдар, нэр хүндэд халдсан гэх гомдол гаргасан тохиолдолд хуулийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгана” гэлээ.

Сургууль, аливаа байгууллага, хамт олны орчинд гадуурхал, дарамтад өртөх нь хүнийг сэтгэлзүйгээр нь асар их хохироож, бие болоод сэтгэлзүйн насан туршийн гэмтэл учруулж байна. Дарамтанд байгаа хүн өөртөө итгэх итгэлээ алдаж, ганцаардаж, аажмаар сэтгэл гутралд орсоор эцэст нь амиа хорлох, гэмт хэрэгт орооцолдох зэргээр хохирдог.

Монгол Улс амиа хорлолтоор дэлхийд гуравдугаар байрт жагсаж байна. Гадуурхал, дарамтанд өртөж буй хүний зан төлөв өөрчлөгдөж, гутарч, амьдрах хүсэлгүй болж, амиа хорлох тохиолдол бий. Иймээс сургуулийн орчинд ажиллаж байгаа албан хаагчид болон оюутан, сурагчид дээрэлхэлтийг харсан бол заавал мэдээлэх хэрэгтэй байна.

 

- ДҮҮЖИН ТЭЭВРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛЭВ -

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар кабель кар” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай дүүжин замын тээврийн шугамыг байгуулах барилгын ажлыг дэлхийн 90 гаруй улсад энэ төрлийн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн, 80 жилийн туршлагатай БНФУ-ын “Пома” компани хийж гүйцэтгэнэ. Энгийн тээврийн хэрэгслээр талдаа 1 цаг зарцуулдаг газрыг дүүжин тээврээр 12 минутад туулах бөгөөд ингэснээр иргэд цаг, минутаар ажлаа төлөвлөж, бүтээлч амьдралын хэв маягт шилжих боломж бүрдэх юм.

2025 онд ашиглалтад орох энэхүү цахилгаан тээврийн хэрэгсэл нь тус бүр 10 хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд -40 хэмийн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэх аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.26) 2024 оны 04 сарын 07

hovdiin gajig urianhai elbegdorj

0  |  0
зочин(202.9.46.74) 2024 оны 04 сарын 07

СУИС- Н ЗАХИРАЛ ЭРДЭНЭЦОГТЫН СОНИНТОГОСЫГ БШУЯ НЭН ДАРУЙ ОГЦРУУЛАХ ЁСТОЙ.!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Top