Санаандгүй байдлаар хэн нэг нь гараа, эсвэл биеийн аль нэг хэсгээ түлэх тохиолдол зөндөө гардаг. Энэ үед анхны тусламж хэрхэн үзүүлэхээ мэдэхгүй бол та дараах зөвлөгөөг дагаарай.
Түлэгдэлт үүссэн үед хамгийн түрүүнд тухайн түлэгдэлт үүсгэсэн биетээс буюу гал бол галнаас, цахилгаан хэрэгсэл бол түүнээс нь холдуулж урсгал хүйтэн усанд 10-15 минут барих хэрэгтэй. Энэ нь тухайн түлэгдсэн хэсгийг хөргөж ургах явцыг удаашруулах үйлчилгээтэй. Мөн тухайн хүн түлэгдсэн хэсэгтээ ямар нэг хувцас өмссөн байвал түүнийг нь салгах хэрэгтэй. Учир нь биед наалдсан хувцас түлэгдэлтийн хэмжээг томруулах аюултай гэж Гэмтлийн эмнэлгийнхэн зөвлөж байна. Түлэгдсэн үед яарч гараа боолтоор боож хэрхэвч болохгүй. Энэ нь агаар орох боломжгүй болгодог тул эдгэрэх хугацааг удаашруулдаг. Мөн элдэв ургамал, ан амьтны гаралтай тос болон саван, сахар зэрэг элдэв зүйлийг тухайн түлэгдэлтэд түрхэж хэрэггүй. Эдгээр зүйл нь ургалт явагдуулж сорвижилт үүсгэдэг. Мөн түлэгдэлтээс үүссэн цэврүүг оролдож хүчээр цоолж шахах нь халдвар орох нөхцлийг бүрдүүлдэг. Харин цэврүү өөрөө аяндаа хагарвал усаар хурдан угааж цэвэрлэх хэрэгтэй. Түлэгдэлтийг эмчлэх арга хэмжээ түлэгдэлт хэр зэрэг байгаагаас өөр байдаг. Тухайлбал, арьс улайн хорсч өнгөн хэсэг нь гэмтсэн байвал нэгдүгээр зэргийн түлэгдэлт гэж үзнэ. Энэ нь хамгийн хөнгөн түлэгдэлт юм. Арьс бамбайж хавагнасан, мөн цэврүү үүссэн байвал үүнийг хоёрдугаар зэргийн түлэгдэлт, ямар нэгэн өвчин мэдрэхээ больж арьсны өнгө хар, эсвэл цагаан болсон байвал түүнийг гуравдугаар зэргийн түлэгдэлт гэж үзнэ. Энэ үед арьсны бүх давхарга түлэгдэж арьсны мэдрэлийн цэгүүд гэмтдэг. Хэрвээ таны түлэгдэлт нэгдүгээр зэргийнх бол та гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх боломжтой. Харин 2, 3-р зэргийн түлэгдэлтийн үед шээс гарахгүй байх, өндөр халуурах, татах үед та яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )