Сурагчид өөрийгөө үнэлэх цахим систем хэрэглээнд нэвтэрлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 15

 

ЕБС-ийн I-XII ангийн сурагчид SORIL.EEC.MN цахим сорилын системээр өөрийгөө үнэлэх боломжтой болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.01.15/ мэдээллээ.

Тэрээр “Боловсролын чанарыг хэмжих хамгийн том хэмжүүр нь үнэлгээ юм. Өнгөрсөн 12 дугаар сард Монгол улс анх удаа PISA олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж 81 орноос 48-д эрэмбэлэгдсэн.

Манай улсын 15 настай 7200 гаруй сурагч математик, эх хэл, байгалийн ухааны хичээл болон сэтгэн бодох ур чадвараар үнэлүүлэхэд эх хэлний чадвараар сүүл мушгисан нь анхаарах ёстой чухал асуудал юм.

Боловсролын үнэлгээний төв 2021 оноос сургуулийн, багшийн, хүүхдийн гүйцэтгэлийн үнэлгээг хийж байгаа. Багшийн буюу сургуулийн тавьсан үнэлгээг Боловсролын үнэлгээний төвийн /БҮТ/ үнэлгээтэй харьцуулж үзэхэд 20-70 хувийн зөрүү гардаг.

Тиймээс бид үндэсний үнэлгээний чанарын тогтолцоогоо бэхжүүлэхийн тулд БҮТ-өөс боловсруулсан эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдүүд өөрсдөө мэдлэг ур чадвараа үнэлэх, түвшин тогтоох SORIL.EEC.MN цахим сорилын системийг албан ёсоор танилцуулж байна. Өнгөрсөн 7 хоногт нээсэн энэ системээр өнөөдрийн байдлаар 75 мянга орчим хүүхэд эцэг эхчүүдтэйгээ хамтраад өөрсдийнхөө түвшинг тогтоосон мэдээ байна. Бүх шатанд үнэлгээг бодитой тодорхойлох нь хүүхдүүдийн боловсролын хоцрогдлыг арилгахад чухал нөлөөтэй” гэлээ.

Өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр монгол хэл, математикийн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой. Сорилын үр дүн суралцагчдад ерөнхий ба даалгавар бүрээр шууд харагдах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдад и-мэйл хаягаар нь дэлгэрэнгүй мэдээлэл очих ажээ.

 

 

SORIL.EEC.MN цахим сорилын системийг танилцуулах үеэр БҮТ-ийн захирал Л.Ганбат “Сурагчид Soril.eec.mn веб сайтад регистрийн дугаараар нэвтэрч математик болон монгол хэлний хичээлээс сонгон өөрийгөө үнэлэх боломжтой. Ингэхдээ хүүхэд суурь түвшнээс эхлэн өөрийгөө үнэлэх бөгөөд өөрийгөө аль түвшний мэдлэгтэй байна, ямар хичээл дээр хоцрогдолтой байна вэ гэдгээ харж, MEDLE.MN цахим системээр дамжуулан хичээлээ нөхөж үзэх боломжтой.

Ирэх 4 сарын 01 гэхэд бүх хичээлийн сорил тестүүд энэхүү системд нэвтэрнэ. Түүнчлэн хүүхэд сайн дурын үндсэн дээр өөрийгөө үнэлэх боломжтой бөгөөд энэхүү үнэлгээний үр дүн нь хувийн хэрэг болон дүнд огт нөлөөлөхгүй" гэж ярьсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О.Ариунчимэг(122.201.31.234) 2024 оны 04 сарын 26

Гоё юма мундаг

0  |  0
Энхжаргал(59.153.112.125) 2024 оны 02 сарын 07

Гоё байна\n

0  |  0
Top