Х.Нямбаатар: Цэцэрлэгүүд энгийн горимоор ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 17

Сургуулийг энэ он дуустал цахимаар хичээллүүлэх болон автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх болсон талаар Хотын дарга Х.Нямбаатар "Хангардь" ордонд өнөөдөр /2023.12.17/ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн үед агаарын температур эрс хүйтэрч байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлага үүсэж байна. Агаарын цочмог хүйтрэл энэ сарын 20-ноос хойш үргэлжлэх төлөвтэй байна. Ойрын үед хөрсөн дээр -40 хэмийн хүйтэрч байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар маргаашаас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги орон даяар цахим горимд, мөн энэ сарын 25-аас эхлээд 6-12 дугаар ангийн хүүхдүүд цахим горимд шилжинэ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой горимоор оролцуулахаар төлөвлөж байна" гэлээ. 

Түүнчлэн амьсгалын замын халдварт өвчний тархалттай холбоотойгоор цэцэрлэг хэрхэн ажиллах талаар Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын цэцэрлэгийн үйл ажиллагааг эцэг эхийн сонголтоор явуулна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага энгийн горимоор ажиллана. Харин эцэг эхчүүд хүүхдээ өгөх нь сонголтын асуудал юм. Мөн нийслэлийн хотын авто замын түгжрэлийг бууруулах шинэ хууль батлагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулахаар төлөвлөж байна" хэмээлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чанцалдулам(66.181.180.75) 2023 оны 12 сарын 17

Зуслангийн бүсэд амьдардаг. Цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Хүүхдээ ажлынхаа хажууд цэцэрлэгт хамруулдаг залуу эцэг эх байна. Дугаарын хязгаарлалтанд орохоор хүүхдээ яаж цэцэрлэгт нь зөөх вэ? Сургуулийн хүүхдүүд амрах бол угаасаа машин цөөрөх биш үү.

0  |  0
Top