Тэмүжин нэртэй 629, Чингис нэртэй 686 хүн байдаг

2023 оны 11 сарын 14

Өнөөдөр Өвлийн тэрүүн сарын 1 буюу Их Эзэн Чингис  хааны мэндэлсний 861 жилийн ой буюу "Монгол бахархлын өдөр" тохиож байна.

"Монгол бахархлын өдөр" нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон.

Чингис хаан нь 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэй баатар, Өэлүн эхийн хүү болон төржээ. Монголын нууц товчоонд түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар, Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ.

Харин 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, "Чингис хаан" хэмээн цол олгожээ.

Тэгвэл их хаантай ижил нэртэй хүн Монгол Улсад хэчнээн байдгийг сонирхвол Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны арваннэгдүгээр сарын 14 өдрийн байдлаар ТЭМҮЖИН гэсэн нэртэй 629, Чингис нэртэй 686 хүн байна. Харин ТЭМҮҮЖИН гэсэн нэртэй 8,236 хүн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top