Ч.Амарсанаа: Тэкбол монголчуудад яг тохирсон спортын төрөл

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 19

Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ

Өнөөдөр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зааланд Тэкбол хэмээх шинэхэн спортын төрлийг танилцуулах арга хэмжээ явагдлаа. 2014 онд Унгар улсад анх үүссэн спортын энэхүү төрөл нь сүүлийн үед олон улсад маш эрчтэй хөгжиж байгаа гэнэ.

Ганцаарчилсан тоглолтод хоёр тоглогч, хосын төрөлд 3-4 тоглогч оролцдог бөгөөд ширээний теннистэй төстэй. Хагас нуман ширээн дээр хөлбөмбөгийнх шиг бөмбөгөөр тоглоно. Гараас бусад биеийн бүх хэсгээр бөмбөгөнд хүрч болох энэ тоглоом тун сонирхолтой.

Бразилын Неймар, Коутиньо зэрэг хөлбөмбөгийн одод тэкболын тэмцээнд байнга оролцдог бол алдарт Рональдиньо энэ спортын элчин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Олон улсын тэкболын холбооноос (FITEQ) өөрийн төрлөө олимпын наадмын хөтөлбөрт оруулахаар ярилцаж эхэлжээ. 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд тэкбол нь үзүүлэх спортоор оролцоно.

Өнөөдрийн өдөрлөгийн үеэр Биеийн тамирын сургуулийн оюутнууд хос болон ганцаарчилсан төрлөөр тоглож үзүүллээ.

Монголын тэкболын холбооны Гүйцэтгэх захирал, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ширээний теннисний спортын мастер Ч.Амарсанаатай энэ үеэр уулзан ярилцсан юм.

-Тэкболын спортыг танилцуулах өдөрлөг амжилттай болж байна. Тэкбол гэж ямар спортын төрөл болох талаар манай уншигчдад танилцуулаач.

-Тэкбол нь хөлбөмбөг, ширээний теннис, волейболын дундаас үүссэн спорт юм. Олон улсад хамгийн хурдацтай хөгжиж байгаа спортын төрлийн нэг. Манай улсад 2019 оны сүүлээр Тэкболын холбоо байгуулагдсан, мөн тэр ондоо Олон улсын холбоондоо элссэн байгаа. Энэ спортын гол онцлог маань нас, хүйс, ур чадвар, өндөр нам харгалзахгүй, гэмтэл бэртлээс ангид, гадаа, заал танхим хаана ч тоглох боломжтой төрөл. Монголчуудын бие бялдарт яг тохирсон спорт.

-МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хичээлийн хөтөлбөрт тэкболын спортыг батлуулсан гэсэн.

-МУБИС-ийн Биеийн тамирын сургууль гэсэн спортын хамгийн ууган сургуультай тэкболыг хөгжүүлэх, хамтран ажиллахаар 2022 оны аравдугаар сард албан ёсоор гэрээ байгуулсан. 2023-2024 хичээлийн жилийн Спортын ур чадварын хичээлд Тэкболын хичээлийн хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хичээлээ эхлүүлсэн. Энэхүү спортын онол, арга зүйг үзэж байгаа, мэргэшиж байгаа оюутан хүүхдүүдийг энэ спортын төрлийн анхдагч тамирчин, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтэн болгож бэлтгэх зорилготой. Цаашдаа энэхүү мэргэжилтнүүддээ тэкболын спортоо хүлээлгэн өгөх болно. МУБИС-ийн Биеийн тамирын сургууль дээр тэкболын ур чадварын сургалтаа эхлүүлж байгаадаа маш их баяртай байгаа. Сургуулийн хамт олондоо, Г.Энхсайхан захиралдаа талархаж байгаагаа хэлмээр байна. Бид гараагаа спортын энэхүү ууган сургуулиас эхэлж байгаа нь онцлогтой. Ирэх жилээс бусад сургуулиудтай хамтран ажиллана. Хөлбөмбөгөөс үүсэлтэй спортын төрөл тул манай холбоо футзалын 12, талбайн хөлбөмбөгийн 3 клубт тэкболын ширээ тараасан. Хөдөө орон нутаг, Хэнтий, Дархан, Дорнод аймагт мөн ширээгээ хандивласан. Эхний ээлжинд ширээгээ тараасан, араас нь сургалтаа эхлүүлэх юм.

Харахад үнэхээр дүрэм ойлгомжтой, энгийн, ширээ байхад л тоглочих спорт юм. Манай хүүхэд залуучуудад яг таарсан, хөнгөн гавшгай, дэлхийд амжилт гаргах боломжтой спорт ажээ.

Залуус ч гэлтгүй ахмад, дунд насныхан, зодог тайлсан хөлбөмбөгчид өрсөлдвөл тэкбол сонирхогчдын тоо улам өсөх нь гарцаагүй.

Одоогийн байдлаар Биеийн тамирын сургуулийн 15 оюутан тэкболын хөтөлбөрт хамрагдаж байна. Тэд бол энэ спортын анхдагчид юм.

Олон улсад ТЭКБОЛ

2017 онд Олон улсын холбоо байгуулагдсан. Төв нь Будапешт хот.

2017 онд анхны ДАШТ-ээ зохион байгуулсан.

124 гишүүн үндэсний холбоотой.

Азийн холбооны гишүүн 31 холбоо бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top