ЭМГЭНЭЛ

Админ | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Байгалийн Бат 

(1983-2023)
 

Бидний хайрт найз, хайртай гэргийнхээ халамжит хань, хайртай хүүгийнхээ нөмөр түшиг, эрхэм аав ээжийнхээ ачлалт хүү, ах, эгч, дүү нарынхаа хамгийн эрхэм дотны хүн нь болох Олон улсын спортын сэтгүүлч Байгалийн Бат нь 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, аав, ээж, ах дүү, төрөл төрөгсөд болон мэргэжил нэгт нөхөд, спортын их гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолоо. Спортын талбарт өөрийн нэр, мөрийг тодоор зурж чадсан эрхэм анд найз минь цэл залуухан 40 насандаа, гурван сартай үрээ, үзгээ үүрд орхиод бурхан зүг одлоо.

Б.Бат нь 1983 оны тавдугаар сарын 2-нд Дархан-Уул аймгийн Дархан хотноо Байгалийн ууган хүү болон мэндэлжээ. Улмаар Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуульд 7 настайдаа элсэж, 2000 онд төгссөн. Тэрээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд нэгэн насны мэргэжлээ сэтгүүлч хэмээн эргэлзэлгүй сонгож, 2001-2006 онд СУИС-ийн харьяа Радио телевизийн дээд сургуульд олон улсын спортын сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн юм.

Спортын сэтгүүлч Б.Бат нь мэргэжлийн ёс зүйг дээдэлсэн, шударга зарчимч, телевиз болон хэвлэл мэдээллийн салбарт өөрийн өнгө төрхийг бий болгосон чадварлаг сэтгүүлч, анд нөхөд бидний уран бүтээлийн сайн хамтрагч байлаа. Б.Бат МҮОНРТ-ийн спортын “Чандмань” студиэс спортын сэтгүүлч болох ажлын гараагаа эхлүүлж байв. Улмаар 2006-2008 онд ТМ телевизэд спортын сэтгүүлч, 2008-2010 онд “25-р” суваг телевизэд спортын сэтгүүлч, 2010-2014 онд “Өдрийн шуудан” сонины соёл урлаг спортын албанд сэтгүүлч, 2014-2015 онд “Өглөөний сонин”, “Спортын өнгө” сонинд сэтгүүлч, 2015 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны хэвлэлийн төлөөлөгч, “Чамп медиа групп” ХХК-ийн https://mglsport.com/ вэб сайтад эрхлэгчээр тус тус ажиллаж байв. Мөн тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны түүхт 60 жилийн ойгоор “Амжилтаар өртөөлсөн 60 жил” номыг бүтээж байв.

Сэтгүүлч Б.Бат нь хэвлэл мэдээлэл, спортын салбарт өөрийн ухамсарт амьдралынхаа 17 жилийг зориулахдаа олон арван сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэн спорт сонирхогч түмнийхээ оюуны цангааг тайлсан бөгөөд түүний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг салбарын хамт өндрөөр үнэлж, МСНЭ-ээс 2014 онд “Ган үзэгтэн” тэмдэг, 2023 онд түүний Биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Биеийн тамир спортын улсын хорооны Жуух бичгээр тус тус шагнасан байна.

Бидний дотны найз Б.Бат нь дайчин, алиа хошин, нөхөрсөг, хүн чанар, нинжин сэтгэлтэй, тусч зөөлөн зангаа бусдын төлөө “дэвссэн”, ажил мэргэжилдээ сэтгэлээ өгсөн эрхэм нэгэн байлаа.

Эрхэм нөхрийн минь гэрэл цацруулсан инээд, эелдэг зөөлөн ааш, эрхэм зан чанар, тусч нинжин сэтгэл, ихийг хийж бүтээх дүүрэн хүсэл эрмэлзэл, цовоо цолгиун дүр төрх чин бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, хань, үр хүүхэд, аав ээж, ах дүү болон төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Та минь эх дэлхийдээ тайван нойрс доо.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО, АНД НӨХДӨӨС НЬ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top