Д.РЭГДЭЛ: Алтай нутагт амь олсон хүн арчаагүй муу явах учиргүй

Админ | Zindaa.mn
2023 оны 08 сарын 02

“ЗАСАГТ ХАНЫ ГАЛ ГОЛОМТ” зорилтот төслийн хүндэт зочин, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, академич, ШУА-ийн Ерөнхийлөгч, химийн шинжлэх доктор Дүгэрийн Рэгдэлтэй ярилцлаа.


-Уугуул нутаг, удам судрынхаа талаар хүүрнэж өгөөч!

-Би одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын хүн байгаа юм. Хуучин Засагт хан аймгийн үеэрээ яривал Хамба Номун хан буюу Бигэр Номун ханы шавь нар. Манай аав, ээж хоёр бол хэдэн үеэрээ малчин улс. Аав ээж хоёр маань есөн хүүхдээ өсгөж өндийлгөөд бүгдийг нь сургууль соёл төгсгөөд гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн ач буянтай сайхан улс. Одоо хоёулаа бурхны оронд байгаа. Манай Бигэр нутаг бол цаанаасаа мал аж ахуйд зориулагдсан нутаг. Өвөлжөө зуслан хоёрынхоо хооронд 10-15 км зайтай. Зуслан, намаржаа, өвөлжөө гэхэд долоохон км-ийн зайтай төвөг багатай нутаг. Түүхэн баримтаас үзэхэд манай Бигэр нутагт Эзэн Чингис хааны үеэс газар тариалан их хөгжиж байсан.

-Газар тариалан хөгжиж байсан чухам ямар баримт нотолгоо байна вэ?

-Монгол-Японы эрдэмтэд Шарга суманд байдаг Чимбай балгас гэдгийг нээсэн. Чимбай балгас бол Чингис хааны баруун гарын дайны тулгуур төв хот байсан. Чимбай балгадад тэр олон түмэн цэрэг байрлахдаа яах аргагүй газар тариаланг хөгжүүлэх шаардлагатай байж. Бигэр-Чандманийн зааг дээр Хүрхрээмийн тариалан, Бигэрт гэхэд Буруулын тариалан, Байгуулын тариалан, Өөшийн тариалан гээд Шарга сум руу орохоор их тариалантай, Олон булагт их тариалантай, газар тариалан хөгжүүлэх бүрэн боломжтой ийм сайхан нутаг. Би энэ нутагт төрж өсөөд, нам засгийн ач буянаар гадаадад явж мэргэжил боловсрол эзэмшээд улсад 45-46 жил тасралтгүй ажилласан хүн байгаа юм. Ер нь аль ч нийгмийн үед ард түмнээ соён гэгээрүүлнэ гэдэг том том бүтээн байгуулалтаас дутахгүй үйл хэрэг байдаг. Шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны байгууллагын үндсэн гурван үүргийн нэг бол соён гэгээрүүлэх үйл гэж үздэг. Би сургууль төгсөж ирээд ШУА-ийн Химийн хүрээлэнд ажилд орсон. Тэр цагаас хойш академийн харьяанд ажилласаар байгаад өдий хүртэл бараг хагас зууныг элээж дээ. Академич болсон хүн академийн лекцийг хоёр жилд нэг удаа уншдаг. Манай Говь-Алтайн эрдэмтэд Монголын болоод дэлхийн тэргүүлэх зэргийн эрдэмтдээс хоцрохгүй явж байгааг би албан ёсоор хэлж байна.

-Говь-Алтайн эрдэмтдийнхээ шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг та л сайн мэдэж байгаа даа?

-Академич Дагвын Бадгаа гэж Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат эрдэмтэн байлаа. Арав гаруй жилийн өмнө бурхан болсон. Энэ хүн бол Монгол Улсад орчин үеийн химийн шинжлэх ухаан хөгжихөд хамгийн том хувь нэмэр оруулсан эрдэмтэн. Зөвхөн химийн шинжлэх ухаан ч биш техникийн био хими гэдэг чиглэлийг хөгжүүлсэн. Энэ хүний хөгжүүлсэн салбар дээр Монгол Улсын ШУА-ийн Хими, Химийн технологийн шинжлэх ухааны хүрээлэн оршин тогтнож байна. Энэ хүрээлэн өнөөдөр 100 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай, улсын төсвийнхөө 50 хувьтай тэнцэх менежментийн орлогыг үндсэн үйл ажиллагаанаасаа олдог алдартай ийм салбар болсон. Нийгмийн салбарт гэхэд ардын багш Ш.Чоймаа байна. Чоймаа профессор гэхэд Монгол хэл, соёлын салбарт төдийгүй “Монголын нууц товчоо” судлалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн байгаа юм. Монгол Улс 2025 онд хос бичигтэй болно. Монгол бичгийг монголчууддаа дахин сэргээн заасан үнэхээр алдартай эрдэмтэн бол манай Чоймаа багш.

-Алтай нутгаас гаралтай залуу эрдэмтэд аль хэр олон байна?

-Орчин үеийн шинжлэх ухааны салбаруудад манай олон залуус гадаадад цол хамгаалаад ирж байгаа. Тэд маань удахгүй шинэ ногоо шиг багсайтал ургах болно. Тэд дунджаар 30-40 насны залуус байгаа. Манай Алтай нутгийн инженерүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд нутгаа хөгжүүлэх гэж тал бүрээр ажилласан. Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлийг байгуулаад явлаа.

-Говь-Алтай аймгийн нийслэл дэх Нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд та ямар сэтгэгдэлтэй байна даа?

-Нутгийн зөвлөлийг зарим хүмүүс “Дов жалгын үзлийг дэвэргэдэг” гээд шүүмжилдэг. Ийм зүйл манай аймгийн нутгийн зөвлөлд л лав байхгүй. Орон нутгаа яаж хөгжүүлэх вэ л гэдэг дээр сэтгэл санаа нэгддэг байгууллага. Сүүлийн жилүүдэд манай Нутгийн зөвлөлийн дарга, “Макс” группийн ерөнхийлөгч Ганбаатар маш сайн ажилласан. Говь-Алтай аймагт мод тарих санаачилгыг тэр хүн л гаргаж, гарамгай ажиллаж байна. Аймгийн төв дээр мод үнэхээр сайн тарьсан. Алтайчууд маань энэ модыг харин аль хэр авч яваа бол. Сүүлийн жилүүдэд Алтай нутагт эрүүлжүүлэх аяныг жил бүхэн зохион байгуулж байгаа. Урьдчилан сэргийлэх эмч нарын багуудыг Нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Хандмаа маань өөрөө удирдаж явдаг. Өнгөрсөн жил гэхэд эрчүүдийн эрүүл мэндийн үзлэгийг дагнан явуулсан. Яагаад гэвэл эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт асар их зөрөөтэй байна. Эрчүүд эмэгтэйчүүдээс үндсэндээ арван насаар дутуу насалж байгаа юм. Говь-Алтай аймгийн ундны ус муутай сумдыг ундны устай болгочих юм сан гэсэн бодол сүүлийн гучин жил миний толгойд явж байгаа юм.

-Эрүүл, цэвэр ус ч чандмань эрдэнээс ч үнэтэй шүү...

-Миний арван жилийн сургуулийн багш Гонжав бид хоёр эхний ээлжинд Говь-Алтайн Цээл сумын усыг сайжруулж өгсөн. Цээл сумын ус үндсэндээ савлаж зардаг усны хэмжээнд сайжирсан. Дараагийн ээлжинд аймгийн төвийн усыг сайжруулах зорилт тавьж байсан ч технологид хэрэглэх 60 сая төгрөг олдож өгөөгүйгээс амжаагүй. Одоо бол аймгийн төвийнхөн Гэгээн нуурынхаа уснаас уугаад байхад болохоор болсон. Миний нэг бодол бол “Муу эмнэлэгтэй байснаас сайн устай байсан дээр” гэсэн үзэл. Манай аймагт одоо усыг нь сайжруулах ганц нэг сум, цэргийн анги бий. Аймгийнхан, БХЯ, ХХЕГ-аас санаачилга гаргаад хөөцөлдвөл бид усыг сайжруулах бүрэн боломжтой.

-Танд уснаас гадна нутагтаа хийж хэрэгжүүлчих юм сан гэсэн олон төсөл толгойд чинь байгаа даа?

-Миний бас нэг мөрөөдөл бол аймгийн сумын төв болгоныг цэцэрлэгт хүрээлэнтэй, халуун өдөр сүүдэрт нь суугаад сэрүүцчихмээр сайхан шугуйтай болгочих юм сан гэсэн бодол. Энэ юунаас анх эхэлсэн гэхээр Бигэр сумын хөдөлмөрийн баатар Чулуун гэж сум нэгдлийн дарга байлаа. Сумын төв дээр 1500 гаруй модтой сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Тэр цэцэрлэгт хүрээлэнд яг уулын модонд явж байгаа юм шиг байдаг байсан. Тэр сайхан моддыг ургаж байхад би дунд сургуулийн сурагч байлаа. Ямар суманд ямар мод таривал ургах вэ гэсэн судалгааг хэвлэж бүх сумдад тараасан. Хэрвээ мод тариулахыг хүсвэл бид хүн хүчээ гаргаад тариад өгөхөд бэлэн байна. Түүнээс гадна аж үйлдвэрээ хөгжүүлэх ёстой.

-Говь-Алтай аймаг гэхэд ямар аж үйлдвэрийг хөгжүүлбэл тохиромжтой бол?

-Аж үйлдвэр гэхээр бусад аймгуудтай адилхан заавал нэг цементийн үйлдвэр байгуулаад байх юм уу, эсвэл яг Говь-Алтайд тохирсон газар тариалан, мал аж ахуйгаа хослуулан хөгжүүлэх үү гэдгээ орон нутгийн удирдлагууд санал гаргаад манай ШУА-ийн орон нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн эрдэмтдэд танилцуулж зөвлөлдөх хэрэгтэй. Говь-Алтай аймгийн Засаг дарга ноён Амгаланбаатар аймгийн ХАА-н түүхий эдийг боловсруулах хувь нийлүүлсэн компани байгуулах зорилго дэвшүүлсэн. Энэ илтгэл, айлтгалыг нь би очиж сонссон. ШУА дээр манай Говь-Алтайн эрдэмтэд цуглаад зөвлөгөө зөвлөмж өгсөн. Энэ бол сайхан санаачилга. Өрх бүр үүнд мөнгөө оруулах уу, үгүй юу гэдэг нь эцсийн эцэст Говь-Алтай аймгийн 8000 малчнаас хамааралтай. Ийм учраас малчдыг сэхээрүүлэх, гэгээрүүлэх ажлыг орон нутгийн удирдлага, хөдөө аж ахуйн хоршооллынхон сайн хийгээсэй.

-Та нутгийнхнаа ямаршуухан зан төрхтэй улс гэж боддог вэ?

-Говь-Алтай аймгийнхан өнгөцхөн харахад жаахан муухай зантай улс. Ер нь юм хийж чаддаг улс жаахан муухай зантай байдаг л даа. Гэхдээ Говь-Алтайнхныг муухай зантай гэдгээс илүү тодорхойлох гурван үг хэлэхэд би бэлэн байна.

-Ямар гурван үг билээ?

-Оюунлаг. Үнэхээр оюунлаг. Хариуцлагатай. Шударга. Энэ гурав Говь-Алтайнхныг ерөнхийд нь тодорхойлчих бол уу гэж бодож байна. Оюунлаг, хариуцлагатай хүмүүс угаасаа ажилсаг байдаг. Шударга хүмүүс бол ямар нийгэмд байна вэ гэдгээсээ хамаардаг. Шударга хүмүүс аль ч нийгэмд харамсалтай нь жаахан шахагддаг, гадуурхагддаг. Ямар дарга байна вэ гэдгээс хамаарахгүйгээр санасан бодсоноо хэлдэг. Манай Говь-Алтайнхан санаснаа шууд хэлнэ. “Энийг ингэж хийх ёстой, та чадахгүй байна” гэж хэлж чадна. Шударга зангаасаа болж манай аймгийнхан социализмын үед ч том албан тушаалаас нэлээд шахагдсан шүү дээ. Хөөгдөж туугдаад л явсан. Ардчилсан он жилүүдэд бас л тэгж явсан. Нэг хэсэг Говь-Алтай аймгаас бараг дэд сайд байхгүй үе ч байлаа. Шударга хүмүүсийн зовлон энэнд байгаа. Үнэхээр нийгэм ардчилаад, хүмүүс соён гэгээрсэн үед шударга хүмүүс явдаг, шударга хүмүүс ажлаа хийдэг. Оюунлаг, хариуцлагатай гэдгийн хувьд Говь-Алтай аймгийнх гэдгийг нь мэдэлгүй ажил хариуцуулчихсан байхад арай л чанартай хийнэ. Тэр нь юунаас харагддаг вэ гэхээр ажилдаа сэтгэлээ өгч хийж байгаа юм. Өгсөн зааврыг хүлээж аваад, түүнийгээ өөрийн сэтгэлгээгээр баяжуулж хийсэн ажлын үр дүн шал өөр байдаг. Үнэхээр хариуцлагатай хийдэг. Говь-Алтайн хүнд ажил даалгачихад араас нь шаардаад байх шаардлагагүй. Бусад аймгийнхан муу гэж хэлж байгаа юм биш л дээ. Би ч бас хэдэн жил удирдах ажил хийсний хувьд мэдэлгүй яахав. Оюунлаг гэдгийн ганцхан жишээ хэлэхэд Говь-Алтай аймгийн зохиолч, сэтгүүлчид дандаа манлайлж явдаг. Манайх эрдэмтэн-зохиолч олонтой. Би Говь-Алтай аймгийн эрдэмтдийг нэг удаа цуглууллаа. Тэрэн дээр манай алдарт зохиолч Сономын Лочин гуай Говь-Алтай аймгийн зохиолчдын тухай нэг илтгэл тавьсан.

-Ямар илтгэл болоод таны сэтгэлд хоногшчихов?

-Тэр илтгэлээс “Говь-Алтай аймаг бол гурван сайн зохиолчтой, гучин муухан зохиолчтой. Монголд 33 зохиолч гаргаад ирэх аймаг байхгүй ээ” гэсэн үг одоо хүртэл бодогддог юм. “Гучин муу зохиолчийн нэг нь би” гэж байгаа юм. Лочин гуай чинь мундаг зохиолч, нийтлэлч, судлаач, сэтгүүлч мөртлөө нөгөө муу шударга нь дэндчихсэн хүн шүү дээ. Лочин гуай гучин мууд орохоор гурван сайн нь хэн байна вэ гэж байгаа юм л даа. Гурван сайн нь мэдээж Л.Түдэв гуай, Ч.Лодойдамба гуай, Мишигийн Цэдэндорж гуай гурав. Гучин муу зохиолчид хэн хэн байх нь вэ гэвэл төрийн шагналт зохиолч Д.Норов, соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв, Д.Жамьяан гээд явж өгөх нь л дээ. (инээв. сур) Тэгэхэд эдний чинь зохиол бүтээл, роман туужийг монголчууд гараас салгалгүй, газар тавилгүй хорхойсон уншдаг шүү дээ. Тэгэхээр үнэхээр оюунлаг. За сэтгүүлзүйн салбар гэхэд манай Б.Галааридаас эхлээд Магваны Эрдэнэбатаар дамжаад явахад бүгд Монголын томчууд байгаа юм. Эд маань том гэж цээжээ дэлддэггүй, ер нь эрхэлсэн ажил, байж байгаа байдлыг нь харахад үнэхээр том улс шүү дээ.

-Хүнд нутаг ус гэдэг юугаар ч орлуулшгүй нандин зүйл байдаг бололтой?

-Манай монголчуудын нэг онцлог бол нутгаа гэсэн сэтгэлтэй байдаг. Би цэл залуухан 18-тайдаа гадаадад сургуульд явсан. Гадаадын олон л хүнтэй хамт суралцаж, ажиллаж явлаа. Тэгэхэд Африк ч юм уу, Арабын орны залуус “Төгсөөд эх орондоо очоод сайхан амьдарна” гэж ганц ч ярихгүй шүү дээ. Тэгэхэд монголчууд “Нутагтаа очно” гэж хөл нь газар хүрэхгүй хөөрч дэвэлзэж байдаг. Нутаг гэдэг сайхан үзэл монгол хүний генд байна даа. Амь өгсөн Алтай нутаг маань магтаалаас дээгүүр зүйл юм байгаа юм. Магтаалын дээд талд байдаг ойлголт. Ийм сайхан аав ээжийн гар дээр өсөж хүмүүнжсэн, тийм сайхан нутагт амь олсон хүн бол муу явах аргагүй, муу явах учиргүй. Тэгж л бодож, аминдаа бол хичээж л байгаа юм, би. Монгол бүх хүн, бүх Алтайчууд тэгж бодож явдаг бол уу. Тэр хэмжээгээр нутаг орон маань сайхан болно, амьдрал дэгжиж дээшилнэ. Тэр бол үнэн итгэл үнэмшил байж ач буян нь оршино.

-Таны хувьд Алтай нутаг чинь чухам юу сан бол?

-Миний Алтай бол магтаалаас дээгүүр, амьд үг, амьд нутаг. Шаргалтсан сайхан элстэй, говиудтай, нуур, устай гээд зөндөөн сайхан юм бий, цогцоороо бол. Тэр сайхан байгаль, тэр сайхан хүмүүс дундаас дандаа сайхан хүмүүс төрөх болтугай гэж ерөөмөөр байна. Монгол Алтайн нуруу, Говь-Алтайн нурууны үргэлжлэл бол дэлхийн том уулсын нэг. Алтайн салбар уулс бол Монгол, Хятад, Казастан, Орос гээд дэлхийн дөрвөн улсыг дамнан үргэлжилдэг том уул. Монголдоо ороод ирэхээр таван аймгийн нутгийг дамнан оршдог. Энэ таван аймгийнхнаас ганцхан Говь-Алтайчууд АЛТАЙНХАН гэж уулаараа овоглодог. Ховдынхон Ховдоороо, Баян-Өлгийнхөн Өлгий, Увсынхан Увс л гэж ярьдаг. Би бодохдоо Алтайнхан бол тэр өндөр их Алтайн уулсын сүр сүлд нь учраас тэр нэршлээр илэрдэг болов уу гэж боддог. Тийм учраас энэ сайхан Алтай нутгаа Монгол Улсын хөгжлийн манлайд хүргэхэд зөвхөн залуучууд биш гурван үеийнхэн хувь нэмрээ оруулаад явах учиртай.

-Говь-Алтай аймаг 1941 онд байгуулагдсан гэдэг. Тэгтэл энэ жил Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ талаар та юу бодож байна?

-Одоо бид Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр Засагт ханы гал голомт болсон Алтай нутгийнхан нутаг орноо өдий дайны хөгжүүлчихсэн, өөрсдөө ийм хэмжээнд хүрчихсэн юм байна гэсэн үр дүнг харж, энэ зааг дээрээс дараагийн 100 жилд хаана хүрэх вэ гэдэг замаа тодорхойлох юм. Би нутгийнхнаараа маш их бахархаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Говь-Алтай аймгийн яг үүсэл, уг гарвал нь хаанах вэ, үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийж өгнө үү хэмээн ШУА-ийн Түүхийн хүрээлэнд хандсаны дагуу Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид түүхийн эх сурвалжаас хөөн судлаад “Өнөөгийн Говь-Алтай аймаг бол Засагт хан аймгийн голомт нутаг яах аргагүй мөн юм байна, Хантайшир уулын аймгийн захиргаа нь ХАНТАЙШИР УУЛЫН орчим ШУРАГ ГОЛЫН ЦАГААН ЭРЭГТ 1923 оноос 1930 онд хүртэл төвлөрч байсан болох”-ыг тогтоосон. Одоогийнхоор бол Тайшир сумын ЦАГААН ОЛОМ гэх газар юм болов уу гэж хувьдаа үзэж байгаа. Ингээд 1923 оноос өнөөдрийг хүртэл тооцон 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа явдал бол ШИНЖЛЭХ УХААНААР БАТЛАГДСАН ТҮҮХЭН ОЙ гэж тодотгож хэлж болох юм. Иймийн учир өндөр их Алтай нутгийнхандаа эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэж, дараагийн 100 жилдээ амжилт бүтээл арвин байж, нутаг орноо цэцэглэн хөгжүүлэхийн ерөөл өргөе.

Ярилцсан: Г.ЗОЛБАЯР

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Та нар хэн бэ?(202.126.89.230) 2023 оны 08 сарын 03

БҮГД Л НЭГ ЧИНГИС ХААНТАЙ ХОЛБОГДЧИХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙХ ЮМ АА, ЧИНГИСИЙН ҮЕИЙН МОНГОЛЧУУД ГАДАГШ ГАРААД ӨӨР ҮНДЭСТЭНД ШИНГЭЭД УУСААД АЛГА БОЛСОН, ОЙРАД, БУРИАД ХОЁРООС БУСАД НЬ ХААНААС ИРСЭН ЯМАР УЛС БОЛОХ НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙДАГ ЮМ АА

0  |  1
zochin(77.205.153.70) 2023 оны 08 сарын 02

Odoogiin zaluus nutag ornoosoo yavax yum san Gadaad orond ochij galuu shuvuunii max idsen shig saixan amidrax yum san gedeg bolson doo Nutag orond ni amidrax bolomjgui boloxoor mongol zaluus gadagshaa yavax ni argagui biz dee

0  |  0
Top