Эх хэлний дархлаа суларчээ

2023 оны 05 сарын 02

Аугаа их мэдээллийн зуунд ард монгол түмний аялгуу төгс хэл минь хэрэгцээ хэрэглээндээ хэрэглэх, хэлэх ярих, бичих, дүрслэхдээ аялга, аяс нь алдуурч байгааг үзээд сонсоод, дуугүй байж үл тэвчиж, энэхүү өгүүлэлийг бичиж байна.

Нийгмийн хөгжлийн эрин зуунд дэлхий даяарчлагдан, явж суухад, сурч боловсроход, ажиллаж амьдрахад хил хязгааргүйдэж, монгол хүмүүн дэлхий тивтэй танилцаж, цагаач царайчлагч амьдралд шилжсэн энэ цаг үед язгуур монгол хэлээ мартагнах, ярьж хэлэхдээ ч үндэсний язгуур хэлээ мушгин гуйвуулж, эх хэлээ бас даяарчлах гээд байгаад санаа зовохдоо үүнийг тэрэлж, түүнийг засах сан гэхдээ санаа зовниж байна. Энэ талаар монгол төрийн 800 гаруй хуулинд эх хэлээ хамгаалах талаар нэг ч үг үсэг байхгүйд харамсахдаа үүнийг бичиж ядав.

Бид хаашаа явж байна. Явж явж үндэсний аялга төгс аугаа монгол хэлээ ярьж хэлж, бичиж ч чадахаа байх нь уу гэхдээ харамсаж байна. Их мэдээллийн зуунд телевиз, сонин, ном хэвлэл, цахим орчныг уншаад хараад, сонсоод байхлаар, нийтлэл, нэвтрүүлэгийн нэг өгүүлбэрт харь хэлний нэгээс хоёр үг, заримдаа бүр өгүүлбэр нь аль улсын ямар хэлээр бичээд хэлээд байгаа нь ч мэдэгдэхгүй болтлоо холион бантан болсныг хараад миний монголын эх хэл хаашаа явж байна даа гэх харуусал төрүүлэх нь энүүхэнд болсонд санаа зовинон үүнийг бичихэд хүрэв.

Нүүдэлчин удмын дайчин монголын өв соёлын язгуурын хэл болох эх монгол хэлээ орчин үеийн бичгийн хэлэнд дандаа буруу бичих явдал, залуусын дунд ихэсжээ. Энэ чинь одоо юу болж байна вэ, бүтэн 12 жилийн боловсрол олгодог ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт Монгол хэлний хичээл сургалт ингэж доройтлоо гэж үү.

Орчин цагт дуулах дууны үг агуулгад ч тоглогдож буй жүжиг, кино үг хэллэг ч зохиол ном бичиж буй цаг үеийн туурвигч нөхдийн хэлэмж бичиглэлд ч тэр бүү хэл, төр засгийн эрхэм түшээдийн хэлж, ярьж бичиж байгаа үгийн утга агуулга, яриа хэлэмж нь нэг л биш болсоныг сонсоод үзээд гайхшрал, харамсал зэрэгцдэг болтлоо монгол хэлний утга тансаг яруусал ухаан төгс холбоосыг ямар их алдаж, гуйвуулж байгааг хараад бид чинь удахгүй эх монгол хэлнээсээ алсарч, хэн ч биш болох юм шиг сэтгэгдэл төрдөг боллоо.

Монгол хүн гэхийн үндэсний эрхэм дээд баталгаа, НҮБ-д Монгол Улсаа дархлаажуулан бүртгэсний үндсэн нэг онцлог бол, монгол хүн монгол үндэстэний бахархал өв соёл, язгуур монгол хэлний дархлаагаа тэтгэн хамгаалахын ач холбогдлыг залуу үедээ өвлүүлэн үлдээх хамгийн том түүхэн ач холбогдлыг үгүйсгэсэн мэт, эх хэлэндээ гадаад үгсийг хольж, бичиж, ярьж хэлэх, үндсэн хэл бичиг соёлын дархлааг алдагдуулан саармагжуулах байдал нь эцсийн дүндээ Монгол Улсын тусгаар тогтнол, үндэстэний дархлаа алдагдахын муу үр дагавар гэж ахмад үе, эрдэмтэн мэргэд анзаарч маш их санаа зовинож байгааг хэлэхгүй байж боломгүй санагдав.

Ингэж аугаа их монгол түмний аялгуу төгс хэл, харь хэлэнд уусан дагаж, нэг үгэндээ нөгөөг дагалдуулан, өв соёл тээсэн утга чанараа алдах нь монголчуудад огтхон ч ач холбогдол байхгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Бид нэг мэдсэн, хэлний туйлшралд нэрвэгдэж, анзаарваас эх хэлний өгүүлбэртээ харь үг дагуулсаар, өөрийн хэл бичгийнхээ өв соёлоо алдагдуулж, хойч үрс, залуу үеийн өмнө хэзээ ч төлж дийлэхгүй их өр төлөөсийн уналд унах бий гэх муу бодолд автсанаа нуух юун. Миний дээрх хэлсэн, үг орчин цагт монгол хэлээр монгол үгээ зөв бичдэг сурагч хүүхэд маш цөөрсөн, монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтанд оролцсон 30 гаруй мянган хүүхдийн 46 хувь нь уг шалгалтад тэнцэхгүй байсан харамсалтай баримтаар нотлогдоно. Энэ баримт юуг өгүүлнэ вэ, 

Бидний хойч үе, эх монгол хэлнээсээ алсрах нь уу, монголын хойч үе үр хүүхдүүд, хэлэх бичихдээ ч ярилцаж хэлэлцэхдээ ч хоёр үгнийхээ нэгийг , хоол хувцас, ном хэвлэл, хүнсний зүйлийнхээ нэршлийг дандаа гадаад үг хэлээр ярьдаг, хэлдэг бичдэг харамсмаар баримт дэндүү олширчээ.

Бид хаана амьдраад байгаагаа ч мэдэхээ больж, хотын гудамж талбай, албан газар, үйлчилгээний бүх хаяг шошго нь харь хэлний бичиглэлээр дүүрсэнийг харсан ч бидний эх хэл бичиг гадааджсан нь эх монгол хэлнээсээ бид алсарч, хэтэрхий харь гүрний хэл соёлыг шүтэх болсон нь ямар учиртайг мэдэхээ болив. Иймд үндэсний соёлын охь манлай монгол хэл, түүний бичиг соёлын асуудалд монгол төр хууль гаргаж, хамгаалдаггүй юм гэхэд боловсрол шинжлэх ухааны яам нь дүгнэлт хийж, дүн нурууг нь хадгалах шаардлагатай болжээ.

Ц.ЯДАМСҮРЭН  /НИЙТЛЭЛЧ/

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.69.226) 2023 оны 05 сарын 03

Эх хэлний дархлаа алдагдаж байгаа талаар зөв асуудлыг хөнджээ. Ер нь төрөлх монгол хэлээ хамгаалах, түүний хэрэглээг журамлах талаар Ерөнхийлөгч асуудал дэвшүүлж, хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Гадаад үгийг хэтэрхий оруулж ярих, бичих явдал замаа алдаж, байгууллага, үйлчилгээний салбарууд англи хэлээр хаягаа бичихгүй бол орлогоо алдана гэдэг юм уу, гадаадын олон түмэнд ойлгомжтой байх гэсэн санаа юм уу ойлгогдохоо байлаа. Хүн амын дүнд тийм ч олон гадаад хүн байхгүй л баймаар юм. Урлаг, соёлынхон энэ чиглэлд маяг нь дэндэж, гадаад үг, хэллэгт хушуурч байна.

0  |  0
би(192.82.85.33) 2023 оны 05 сарын 02

эх хэлээрээ зөв ярьж бичиж чадахгүй бол та хэн ч биш болно

1  |  0
Top