Нэр томьёоны олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

Бельги улсын Брюссель хотод 2023 оны дөрөвдүгээр сарын 20-21-нд болсон “Terminology: Domain loss and gain” олон улсын хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг оролцож, олон улсын нэр томьёоны мэдээллийн төв Инфотермийн гүйцэтгэх захирал Бланка Стеллагийн хамт бэлтгэсэн “A Systematic Approach to Domain Gain for the Mongolian language” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

Тус хуралд Бельги, Австри, Герман, Франц, Итали, Испани, Ирланд, Норвег, Унгар, Нидерланд, Финланд, Португал, Грек, Словени, Их Британи, Эстони, Гүрж, Колумби, Канад, Монгол гэсэн 20 орны 40 илтгэгч нийт 200 гаруй эрдэмтэн судлаач танхим болон цахимаар оролцож, гурван салбараар хуралджээ.

Даяаршлын өнөө үед ихэнх улс оронд англи, герман, итали гэх мэт цөөн хүчирхэг хэл, ялангуяа англи хэлний нөлөөгөөр тухайн орны төрөлх хэлний хэрэглээ багасаж, аливаа мэдлэгийн салбар (domain)-т нэр томьёо, шинэ үг хэллэгийг ихэвчлэн зээлдэж байгаа (anglicism) нь шинжлэх ухаан, нийгмийн харилцаанд тулгамдсан асуудал болж буйг олон илтгэгч дурдаад нэр томьёог аль болох өөрийн хэлээр орчуулан хэрэглэж байх нь тухайн орны шинжлэх ухааны хэл хөгжих үндэс болохыг чухалчилсан байна.

Мөн хурлын илтгэгчид мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засаг, инновацыг хөгжүүлэхэд нэр томьёоны шинжлэх ухааныг хөгжүүлэх нь зайлшгүй чухлыг онцлоод энэ талаар тухайн улсын төрөөс хэрхэн анхаарч ажиллаж буй талаар туршлагаасаа хуваалцжээ.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын хамт олон мөн улсынхаа нэр томьёоны шинжлэх ухааныг хэрхэн хөгжүүлэх талаар санаа тавин гадаадтай хамтарсан болон үндэсний төслийн хүрээнд олон ажлыг төлөвлөн хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top