Монголын либерал намын нэрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

1. Монголын либерал нам /МЛН/-ын дарга Э.Оргилоос ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд намын нэрийн өөрчлөлтийг баталсан VII Их хурал намын дүрэмд заасан хуралдааныг зарлахтай холбоотой заалтыг зөрчсөн үндэслэлээр өргөдлийг буцааж, бүртгэхээс татгалзав.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 123, 124 дүгээр зүйл, 120 дугаар зүйлийн 120.2, 167 дугаар зүйлийн 167.5, 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтын зарим хэсгийг тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон Иргэний хэргийн танхимын саналыг хэлэлцээд албан ёсны тайлбар гаргах талаарх Танхимын саналыг дэмжиж зөвшөөрөл олголоо.

3. Төрийн болон албаны нууцтай холбоотой шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулах эсэх талаар хууль тайлбарлахтай холбоотой танилцуулга, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 4, 40.8 дугаар зүйлийн 5 дах хэсгийг зөв хэрэглэх тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Эрүүгийн хэргийн танхимын саналыг тус тус хэлэлцээд Эрүүгийн хэргийн танхимд тайлбарын төсөл боловсруулах зөвшөөрөл олгож, уг асуудлаар Иргэн, Захиргааны хэргийн танхимууд албан ёсны тайлбарын төслийг хамтатган бэлтгэж, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зохицуулалтын талаар  “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, тайлбарын төсөл боловсруулах зөвшөөрөл олгов.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын төслийг хэлэлцэж баталлаа.

6. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 6 дугаар зүйл буюу зарим асуудлыг хэлэлцэх тухайлсан журмын зохицуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

7. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.6 дах хэсэгт заасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйл нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаарх саналуудыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах үндэслэлгүй байна гэж үзэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top