Монголд 630 зүйл мөөг бүртгэгдсэнээс 116 нь хүнс, эмийн мөөг байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

“Мөөг-хүнсний хангамж, аюулгүй байдал” сэдэвт зөвлөгөөн болж өнгөрлөө.

Тус зөвлөгөөнөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн Хими, биологийн салбарын Бага чуулганаас санаачлан Хүнсний нэг чухал салбар болох Мөөг судлал, мөөг үйлдвэрлэлийн талаарх бүхий л асуудлыг хөндөн ярилцлаа.

 

 

Зөвлөгөөнийг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд манай судлаачид Монгол орны мөөгний бүрэн бүртгэл гаргаж, ангилалзүй, тархац, нөөц, биохимийн судалгааг явуулж ирэхийн зэрэгцээ байгалийн мөөгийг зөв таньж, хүнсэндээ зохистой хэрэглэх, таримал мөөгний эх омог гаргах, мөөг тариалах технологи нутагшуулах, байгалийн болоод таримал мөөгний химийн найрлагыг харьцуулан судлах зэргээр олон судалгааны ажлыг хийж гүйцэтгэсээр иржээ.

Монгол оронд эрдэмтэн судлаачид, мөөг үйлдвэрлэгчид хоорондоо нэгдэн хамтын ажиллагааг эхлүүлээд багагүй амжилтад хүрлээ. Тухайлбал, Монгол орны хувьд Улаанбаатар хот болон Төв, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудад мөөг үйлдвэрлэлийн хоршоо байгуулагдаж, ургуулсан мөөгөө хүнсний хэрэгцээнд нийлүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацын ажлын үр шимийг практикт нэвтрүүлэн зөв хурдацтай хөгжих үндэс тавигдаад байгаа билээ.

 

 

Мөөгний үйлдвэрлэл нь ХАА-н хаягдал бүтээгдэхүүнийг (сүрэл, модны үртэс, адууны хомоол, кофений шаар) хөрс болгон ашигладаг, хаягдалгүй технологитойгоороо онцлог юм.

Мөөгний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх үндэслэл боловсруулж,  мөөгний үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж нэгдэж хоршоо байгуулан, мөөгний ТББ, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн, ХААИС-ийн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж багагүй үр дүнд хүрч байна. Энэ ажлын шинжлэх ухааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөөг үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэгчдийг анхдагч үрийн материалаар хангах ажлын хүрээнд судалгааны хүрээлэнг түшиглэн цэвэр өсгөврийн лаборатори байгуулах, байгалийн ба таримал мөөгний удмын санг хойч үедээ авч үлдэх мөөгний Генийн сан буй болгох ажлыг дэмжин ажиллах нь зүйтэй юм.

Монгол орны мөөг үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хурдацтай хөгжүүлж, МӨӨГ ЭКСПОРТЛОГЧ МОНГОЛ УЛС болж хамтдаа хөгжиж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг бодитой хангахад энэхүү зөвлөгөөнөөс гаргах зөвлөмж үр дүнгээ өгнө хэмээн найдаж байна” гэсэн юм.

 

 

“Мөөг-хүнсний хангамж, аюулгүй байдал” сэдэвт зөвлөгөөний үеэр монгол оронд байгаль орчин, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хөгжилд үр өгөөжтэй мөөгний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх үндэслэл боловсруулах, байгалийн мөөгийг зөв таньж, зохистой хэрэглэх соёлыг хэвшүүлэх, шинжлэх  ухааны үндэслэлийг олон нийтэд таниулж, соён гэгээрүүлэх, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын материаллаг бааз, лабораториудыг бэхжүүлэх, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх замаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Мөөгний салбарын оролцоог нэмэгдүүлж, хүнсний таримал мөөгийг шинжлэх ухааны үндэстэй тарьж, ургуулах боломж бүрдүүлэхэд чиглэлээр 7 илтгэл хэлэлцүүллээ.

 

 

Зөвлөгөөнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА, ХХААХҮЯ, ХААИС, Монголын мөөг судлаач сонирхогчдын нийгэмлэг, Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ ТББ, muug.mn вейбсайт болон Мөөгний үйлдвэрлэл эрхлэгч хувийн хэвшлийн байгууллагууд зэрэг нийт 60 гаруй байгууллагын 180 гаруй төлөөлөгч танхимаар оролцож оролцжээ.

Дашрамд сонирхуулахад өдгөө Монгол оронд 630 зүйл дээд мөөг бүртгэгдсэнээс 116 зүйл нь хүнс болон эмийн мөөг байгаа юм. Үүнээс гадна 6 зүйл мөөг тариалах технологи Монголд амжилттай нутагшиж, хясаан дэрвээлж мөөгийг монголчууд хүнсэндээ хэрэглэж хэвшээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top