XX зууны түүхийн судалгааг бүтэн болгоход томоохон орон зайг нөхөв

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн гаргасан "БНМАУ: Социализм ба Буддизм /1944-1992/", "БНМАУ: Социализм ба бурхны шашин /аман түүх/" хоёр номын нээлт боллоо.

БШУЯ-ны захиалгаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд 2019-2022 онд хийгдсэн дээрх суурь судалгааны ажлын зорилго нь БНМАУ-ын төр, засгаас шашны талаар баримталсан бодлого, түүний үр дагавар болон тухайн үеийн нийгмийн ухамсрын төвшинд шашны эзэлж байсан байр суурь, гүйцэтгэсэн үүргийг түүх-шашин судлалын үүднээс нэгтгэн судалж, шинэ мэдлэг буй болгоход чиглэгджээ.

Энэхүү судалгааны ажил нь цаг хугацааны хувьд 1944-1990-ээд оныг хамарсан бөгөөд судалгааны үр дүнгээр 2020 оны 11 дүгээр сарын 6-нд “БНМАУ: Буддын шашин, сүм хийдийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Улмаар тус төслийн хүрээнд дээрх хоёр бүтээл хэвлэгдэн гарсан юм.

 

 

Номын нээлтэд түүх, соёл, шашны салбарын эрдэмтэн судлаач, шашны зүтгэлтнүүдийн төлөөлөл оролцож, ШУГЗ, доктор, профессор З.Лонжид, МУИС-ийн ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор С.Янжинсүрэн, ШУА-ийн ТУХ-ийн Нийгэм, соёлын хүн судлалын салбарын эрхлэгч Г.Бямбарагчаа нар судалгааны бүтээлүүдэд дүгнэлт хийснээ танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Дүгнэлт болон хэлэлцүүлгээр тус бүтээлүүд нь 20 дугаар зууны түүхийн судалгааг бүтэн болгоход томоохон орон зайг нөхөж байгааг онцлон тэмдэглэлээ. 

 

БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУДДИЗМ (1944-1992) бүтээл

 

Тус бүтээлийг  ШУА-ийн  Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу  "БНМАУ: Социализм ба Бурханы шашин" (ШуСс_2019-59) Суурь судалгааны төслийн хүрээнд бичжээ. 

Энэхүү бүтээл нь “социализмын үе”-ийн Монголын шашны түүхээр гарч байгаа анхны судалгааны бүтээл бөгөөд марксист-ленинист үзэл суртал болон буддын шашин хоёр хэрхэн зэрэгцэн оршиж байсныг харуулах бөгөөд социализмын үеийн буддын шашин, сүм хийдийн түүхийг сонирхогч, эрдэмтэн судлаач, оюутан залууст чухал бүтээл болох юм. “БНМАУ: Социализм ба Буддизм” (1944-1992) хэмээх удиртгал, 3 бүлэг, 13 зүйл, дүгнэлт, хавсралт, ном зүй бүхий 26 х.х нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдэв. Энэхүү бүтээлд Монгол Улсын Үндэсний Төв Архив, Монгол Улсын Засгийн газрын архив, ТЕГ-ын Тусгай архив болон хөдөө орон нутгийн архивын баримтуудыг ашиглажээ.

 

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС: СОЦИАЛИЗМ БА БУРХНЫ ШАШИН (АМАН ТҮҮХ) бүтээл

 

"БНМАУ: Социализм ба Бурхны шашин" (Аман түүх) хэмээх бүтээлд багтсан ярилцлага, дурсамжаас  тухайн үйл явдлыг тэр үед нүдээр үзсэн хүмүүс хэрхэн яаж ойлгож, тухайн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байсан, нийгэм засаг захиргааны зүгээс өөрт ирэх шаардлага, шахалт яаж нөлөө үзүүлж байсан талаар шинэ сонирхолтой баримтуудыг мэдэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл аман түүхийн судалгаагаар дамжуулан нийгмийн ухамсар, ахуйд үнэлэлт, дүгнэлт өгч байгаа нь бидэнд асар их сургамж болохын сацуу социализмын үеийн шашны түүхийг зөв зүйтэй танин мэдэх, бодитойгоор үнэлэн цэгнэхэд тустай болно.

Өгүүлэн буй үеийн шашны асуудлыг судлахад архивын баримтаас гадна аман түүхийн мэдээ чухал ач холбогдолтой юм. Аман түүхийн нэг онцлог нь бичсэн түүхийн үүднээс тайлбарлах бус, тухайн үед амьдарч байсан хүний үүднээс тайлбарлах үзэл, аль эсвэл өмнөх үеэ болон өөрийн өнгөрсөн амьдралд тохиолдож байсан үйл явдлыг тайлбарлах хувь хүний дурсамж болдог байна. Эл номд дурсамж яриагаа хуваалцсан эрхэм хүмүүстэй судлаачид биечлэн уулзаж салбар бүрийн онцлогийг харгалзан  ярилцсанаас гадна аман түүхэнд гарч буй зарим нэр томъёонд тайлбар, зүүлт хийж, холбогдох түүхэн гэрэл зургийг хавсаргасан байна. Номыг Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Н.Мягмар, доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу нар эрхлэн найруулжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top