Үндэсний үйлдвэрлэлтэй сар шинийн баяр айсуй

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн бар сарын шинийн 1-ний өдөр нь 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохиож буй. Энэ өдөр монголчууд бидний уламжлалт их баяр Цагаан сарын өдөр юм. Хэдийгээр “Цагаан сар шиг нүсэр бөгөөд чирэгдэлтэй баяр алга” хэмээн байнга шүүмжилдэг ч Монгол түмний уламжлалт их баярт хүн бүр бэлтгэлээ базаадаг. Ахмадаа хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баярыг монголчууд ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж өргөн дэлгэр тэмдэглэдэг.


 

Гадагш урсах 1.3 их наяд төгрөгийг эх орондоо авч үлдэхээр “амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа нээгдэв

 

Сар шинийн баярын үеэр идээ ундаа бэлдэх, бэлэг авах зэрэг хэрэгцээнд монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг байна. Харамсалтай нь үүний 70 гаруй хувь буюу 910 орчим тэрбум төгрөгөөр импортын бүтээгдэхүүн худалдан авч, гадагш нь урсгадаг аж.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн үйлдвэр эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд оролцоно. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалт авах, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгож буй. Тэгэхээр энэ бол зөвхөн худалдах, худалдан авахаас илүү үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэсэн арга хэмжээ юм” гэсэн юм.

 

 

Тус үзэсгэлэн худалдааны арга хэмжээ энэ сарын 20-ноос эхэлсэн бөгөөд нэг сарын сарын хугацаанд үргэлжлэх аж. Иймд бид “Амар байна уу-2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг очиж сонирхохоор “Шинэ 100 айл” барилгын материалын төвийг зорилоо. Тус худалдааны төв нь “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн зүгт 1.8 км зайд байрладаг бөгөөд Сар шинийн үзэсгэлэн худалдаа болохтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:51 “III, IV хороолол-"Дүнжингарав" худалдааны төв” чиглэлийг сунгаж, “III, IV хороолол-"Дүнжингарав" худалдааны төв-"Шинэ 100 айл" худалдааны төв болгосон байна. Тус чиглэлийн автобус “Шинэ 100 айл” барилгын материалын төвийн үүдэнд нь ирж зогсож байлаа.

Шинэ чиглэл нэмэгдэж, үзэсгэлэн худалдаа нээгдээд хэдхэн цаг болж буй гэхэд автобуснаас 10 гаруй хүн буув. Том хаалгаар дотогш орвол гэрийн хэлбэртэй “Амар байна уу” хэмээх улаан бичигтэй, модон тооно, баганатай, сар шинийн баярын тавгийн ууц, ул боов, айргийн хул гэх мэт бусад зүйлсийг цөм мөсөөр хийж байрлуулсан нь нүд хужирлав. Харин худалдааны төвийн гадна талд цагаан асрууд байрлуулсан байх бөгөөд үүнд ааруул цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн зэргийг худалдаалж байсан юм. Бусад үндэсний хувцас, бэлэг дурсгал хоёр давхарт нь байрласан аж. Дотогш орвол Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид тус тусын лангуундаа бараагаа дэлгээд тун завгүй байв.

 

 

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд 1000 аж ахуйн нэгж, байгууллагын 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож буй аж.

Мөн үзэсгэлэн худалдааны үеэр Монголын томоохон татвар төлөгч, ажил олгогч 50 аж ахуйн нэгж жижиг, дунд бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах, түүхий эд, нөөц бэлтгэх чиглэлд дэмжих, хөрөнгө оруулах боломж олгох арга хэмжээг зохион байгуулах юм.

 

ЖДҮҮ эрхлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулна гэдгээ ам бардам хэлж байлаа

 

“Үндэсний үнэнч хэрэглэгчдийг бий болгоё” хэмээх уриа дор зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн худалдаанд арьс, модон эдлэл, ноолууран бүтээгдэхүүн, давсан урлал, гоо сайхан, үс арчилгааны бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, дээл хувцас, хөөрөг гэх мэт цөм бүрэн байлаа.

 

 

Уут, сав баглаа боодол бүхий багцалж хийсэн МКМ косметиксийн бүтээгдэхүүн уг үзэсгэлэн худалдаанд оролцож байв. Тус компанийг төлөөлж н.Энхжаргал бүтээгдэхүүнээ борлуулж байгаа аж. Тэрбээр “Манай компани 1997 онд байгуулагдсан бөгөөд тасралтгүй 26 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү үзэсгэлэнд сав, баглаа боодлоо шинэчилж оролцож буй. Гүүний саамтай сүүн шингэн, цагаан шөнө тос, гар ариутгагчтай сарнай нойтон салфетикийн багц үнэ 5500 төгрөг буюу үйлдвэрийн үнээр борлуулж байгаа. Мөн цайруулагчтай нүүр цэвэрлэгч сүүн шингэн, тэжээлийн цайруулагч массажны тос, зөгийн балтай тосны багц 7500 төгрөг гэж байна. Манай бүтээгдэхүүнийг сонирхож, үндэсний үйлдвэрээ дэмжээрэй” гэсэн юм.

 

 

Монгол уран бичлэг буюу бийрэн бичлэг бүхий ширээ олны анхаарлыг татаж байв. Хүссэн үг, нэрээ бичүүлж жаазлуулж авах боломжтой гэнэ. Бийрээр үг урлаж буй ахыг хэсэг хором сатааруулан түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Ш.Гэрэлсайхан “Энэхүү үзэсгэлэндээ зориулж 50-70 хувийн хямдралтай үнээр бичиж байгаа. 20:40 хэмжээтэйд 2-4 минутын хугацаанд бичнэ. Жаазлуулахад таван минут болно. Жаазгүй нь 10 мянган төгрөг, жаазлуулахад 40 мянган төгрөг.  Сүүлийн үед зураг гэхээс илүүтэй монгол бичгийг хүмүүс сонирхож бэлэг дурсгал, гэр, албан байгууллагатаа байрлуулдаг болсон байна” хэмээсэн юм.

 

 

Үргэлжлүүлэн “Эмүжин” брэндийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож, түр саатлаа. Тус үндэсний үйлдвэрлэгч нь олон төрлийн хэлбэр дүрстэй саван, ванны бөмбөлөг, давс, гар ариутгагч гэх мэт бүтээгдэхүүнийг химийн хольцгүйгээр үйлдвэрлэдэг аж. Худалдагч С.Соёлоо “Манай байгууллага долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү үйлдвэрийг үүсгэн байгуулагч дүү маань зургаан хүүхэдтэй алдарт эх байдаг. 10 гаруй ажилтантай. Анх барааны саван үйлдвэрлэж эхэлж байсан бол одоо 40 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна. Эдийн савангаа бид Казакстан улс, ОХУ руу гаргадаг. Гар нүүрийн саван 500-1500 төгрөгийн үнэтэй. Тус савангууд маань батгатай, харшилтай, хуурай арьсных гэх мэт олон төрөлтэй. Харин эдийн саван 700-2500 төгрөг. Мөн хагас, бүрэн автомат угаалгын машинд хэрэглэх боломжтой угаалгын нунтаг үйлдвэрлэдэг. Ванны бөмбөлөг маань зүгээр ч нэг хөөсөн бөмбөлөг биш. Дотор нь нуурын давс, овьёос, ногоон цай гэх мэт биеийн алжаал тайлах ургамлууд байдаг. Манайх байнгын үнэнч хэрэглэгчтэй тул та бүхэн ч гэсэн сонирхоод үзээрэй” гэв.

 

 

ЖДҮҮ эрхлэгчид бусад үед ихэвчлэн “Мишээл экспо” худалдааны төвд өдрийн түрээс төлж суудаг байна. Харин саяхнаас буюу сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан нэг метр квадратын үнээ 400 мянган төгрөг болгожээ. Иймэрхүү байдлаар үндэсний үйлдвэрлэгчдийг шулж, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүйд хүргэдэг байна. Харин тус худалдааны төвд ямар ч түрээс төлөхгүй суух боломжийг бүрдүүлж өгсөнд үндэсний үйлдвэрлэгчид талархаж, үйлдвэрийн үнээрээ иргэдийн гарт бүтээгдэхүүнээ хүргэнэ гэж ам бардам хэлж байлаа.

 

 

“Шинэ 100 айл” худалдааны төвийн А1, А2 блокод үндэсний хувцас, гоёл чимэглэлийн хэсэг байрлаж байна. Харин Б1, Б2 блокод шилдэг уран бүтээлчдийн бүтээсэн гарын бэлэг худалдаалахад зориулсан талбай байрлажээ. С1, С2 блокод мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн зэрэг хүнсний худалдааг зохион байгуулж байгаа юм. Цаашид зөвхөн энэ үзэсгэлэн худалдаандаа зориулж нийтийн тээврийн таван чиглэлийн 60 автобус иргэдэд үйлчлэх аж. Мөн иргэдийн төвлөрөл үүсэх учраас 40 сайн дурын ажилтныг зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдэд чиглүүлэх үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ мэдээлсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top