Л.Туруунаа: Пара тамирчид зардалгүйн улмаас тэмцээн өнжиж, өрсөлдөгчдөдөө оноо алддаг

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

Азарбейжан улсын нийслэл Баку хотод дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг пара жүдо бөхийн ДАШТ-ний J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 килограммын жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болсон юм. Мөн Монголын бүх ард түмний спортын наадмаас алтан медаль хүртсэн билээ. Түүний амжилтыг үнэлж Монголын үндэсний паралимпын хорооноос “Шилдгийн шилдэг пара тамирчин” шагналаар шагнасан бол Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд “Бөртэ чоно-2022” наадмын паралимпын “Шилдэг тамирчин” шагналыг хүртээсэн билээ. Ийнхүү манай “Өглөөний зочин”-оор Үндэсний шигшээ багийн тамирчин пара жүдоч, ОУХМ Л.Туруунаа уригдлаа.


-2022 он таны хувьд амжилтын ганзага дүүрэн жил байлаа?

-Азербайжан улсын нийслэл Баку хотноо өнгөрсөн онд болсон пара жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн маань миний хамгийн том амжилт байлаа. 2023 ондоо энэхүү амжилтаа бататгах, ахиулах том зорилго тээж байгаа.

-ДАШТ-ээс медалиа хүртээд зогсож байхад юу бодогдож байсан бэ?

-ДАШТ-д явах эсэхдээ маш их тээнэгэлзэж, энэ удаадаа өнжих тухай л бодож байсан. Учир нь би зардлаа хувиасаа гаргахад хүндрэлтэй байсан юм. Нийт зардал 10 сая төгрөг гэхэд маш их санагдсан. Тухайн үед ДАШТ рүү явах шийдийг аав, ээж минь гаргасанд маш их баярладаг.

Тэмцээний зардлыг миний төрсөн нутаг болох Увс аймгийн Тэс сум 500 мянган төгрөг, аймаг маань нэг сая төгрөг, үлдсэн мөнгийг аав, ээж минь гаргаснаар миний хувьд санаа зовох асуудалгүй болж, дэлхийн том дэвжээн дээр амжилт гаргаж чадсан юм. Тэр үед медаль авсандаа баяртай байсан ч бага зэргийн харамсал төрж байсан.

-Дэлхийн дэвжээнээс медаль хүртээд, амжилт гаргасан хэр нь яагаад  харамсал төрсөн бэ?

-Би тэр үед алтан медаль авч, төрийнхөө дууллыг эгшиглүүлэх боломж байсан. Тэр үед барилдаад хоёр минут өнгөрчихсөн, өрсөлдөгчөө торгуулаад, би илүүрхэж явсан. Гэвч би хөл мэх хийгээд түүндээ өөрөө ороогдоод уначихсан юм л даа. Уг нь нэг минут гаруйхан хугацаанд идэвх гаргаад л барилдсан бол алтан медалийн эзэн болох байж гэж барилдаан дууссаны дараа л их харамсаж билээ.

-Энэ жилийн тэмцээнийхээ төлөвлөгөөг гаргасан уу?

-2023 он бол олимпын өмнөх жил гэдгээрээ тамирчдын хувьд маш онцлогтой жил. Жүдо бөхийн тамирчдын хувьд энэ жилийн эхний тэмцээнээр улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-16-нд эхэлнэ. Харин пара жүдочдын хувьд энэ сарын 30-ны өдөр гранпри тэмцээнд оролцох боломжтой ч зардал, мөнгөний асуудлаас болж явж чадахгүй байх. Гуравдугаар сард дахиад нэг гранпри байгаа. Дөрөвдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээндээ л явна даа. Өрсөлдөгч нар тэмцээн алгасахгүй орж оноогоо цуглуулаад байхад бид нар өнжөөд байна гэдэг бол маш харамсалтай зүйл.

-Зардлын асуудлаас болж тэмцээнүүдээ алгасаж, өрсөлдөгчдөө оноогоо алддаг гэлээ. Пара тамирчдыг эрүүл тамирчдын дайтай дэмжихгүй, амжилтыг нь дутуу үнэлж байна гэх шүүмжлэл багагүй гардаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бид нар Үндэсний шигшээ баг гэж явдаг. Улсаас зардлын мөнгө хуваарилж өгдөг ч тэр мөнгөө жилдээ орох тэмцээнүүдийнхээ тоонд хуваахаар хүрэлцдэггүй. Пара тамирчдын хувьд ивээн тэтгэгч гэж бараг л байдаггүй. Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Паралимпын хороо тодорхой хэмжээнд биднийг дэмждэгт баярладаг. Илүү ихээр биднийг дэмжээд өгвөл, бид ч гэсэн гарч болох бүхий л зүйлээ шавхана гэдгээ хэлье. Бид 2022 онд анхны дэлхийн аваргад явж үзэж байхад өөр орны өрсөлдөгч нар дөрвөн удаа оролцсон байсан.

-Жүдо бөхийн спортод хөл тавьж, амьдралаа холбосон үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?

-Жүдо бөхийн спортод би маш их сонирхолтой байсан. 2011 онд МСҮТ-д суралцаж байх хугацаандаа бага хэмжээний тэмцээн уралдаануудад оролцоод ялж, ялагдаад явдаг байсан. Ийнхүү 2012 онд 13 дахь их спартикиад болоход нь оролцож мөнгөн медаль авснаас хойш жүдогоор хичээллэх зорилгыг өмнөө тавьж, одоог хүртэл хичээллэж байна. Тухайн үед пара тамирчдын тэмцээн төдийлөн нэг их болоод байдаггүй байсан. 2014 онд улсын аварга шалгаруулах тэмцээн болоход нь би Увс аймгаас хоёр өдөр автобусаар явж ирээд алтан медаль авснаар цааш цаашдаа гаднын тэмцээнд явах үүд хаалга маань нээгдсэн байдаг.

-Жүдогоор хичээллэнэ гэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Намайг жүдогоор хичээллэнэ гэхэд гэр бүлийнхэн маань тийм ч дуртай хүлээж аваагүй. Арга ч үгүй байх. Дахиад нэмж бэртэл, гэмтэл авчихвал хэцүү шүү дээ. Харин сүүлд ДАШТ-д явахад минь маш их дэмжсэн.

-Хөдөө орон нутагт тусгай хэрэгцээт сургууль ховор байдаг. Хаана, ямар сургуульд сурсан бэ?

-ЕБС-ийн бага сургуульд хамрагдаж байх хугацаанд хараа муудаж сургуулиа орхисон байдаг. Манай аав, ээж хоёр багш мэргэжилтэй ч хөдөө мал хариулдаг болсон юм. Би тусгай хэрэгцээт сургуульд сурч байгаагүй. Бага ангийн боловсрол дээрээ үндэслээд МСҮТ-д хоёр жил сурч, Бариа заслын мэргэжилтэй төгссөн. Энэхүү мэргэжлээрээ 2015-2022 оныг дуустал бэлтгэл сургуулилтынхаа үеэр ажилласан.

-Пара жүдогоор хичээллэдэг эмэгтэй тамирчин Монголд хэр олон байдаг вэ?

-Олон улсын тэмцээнд явдаг нь Н.Алтанцэцэг бид хоёр байна. Адилхан -70 килограммын жинд барилддаг. Гэхдээ Н.Алтанцэцэгийн хувьд сул хараатай J2 ангилалд барилддаг. Миний хувьд J1 буюу бүрэн хараагүй ангилалд барилддаг. Уг нь дахиад хэд хэдэн тамирчин байсан ч ар гэр, хувийн шалтгааны улмаас завсардсан байх шиг байна.

-Зөвхөн тамирчдад бус бүхий л салбарынхан шилдэг болоход өргөмжлөл бус амьдралд нь хэрэг болохуйц бодит дэмжлэг чухал санагддаг. Оны шилдгээр тодорсон тамирчинд байр орон сууц бэлэглэхгүй юм гэхэд тэмцээний зардлыг нь шийдээд өгвөл бодит дэмжлэг болно шүү дээ.

-Тийм шүү. Бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд тамирчид маань хамаг цаг заваа зарцуулдаг. Ингэж хүч, хөдөлмөрөө зориулсны эцэст хоосон ирвэл маш харамсалтай шүү дээ. Чиний хэлснээр оны шилдгээ дагаад дараагийнх нь тэмцээний зардлыг өгчихдөг бол ямар сайхан бэ.

-Үргэлж тэмцээн, бэлтгэл гээд завгүй байдаг уу?

-Тийм ээ. Монголын зам, түгжрэл ямар билээ бэлтгэлдээ ирж, явахад л өдөр өнгөрдөг дөө.

-Танай аав, ээжийн талд барилддаг хүн бий юү?

-Манай аав, ээжийн тал аль аль нь бөхийн удамтай.

-Тийм болохоор л таныг багш тань “Маш хүчтэй, намайг аваад шидчихдэг” гэсэн байх нь ээ?

 -Манай эмэгтэйчүүд цөөхөн болохоор бид нар “Багш аа бид нартай нэг барилдаач” гэж гуйдаг. Багштайгаа барилдахаар унагаачхаад байдаг юм аа (инээв). Тэгээд л бид хэд “Багш аа та бид нартай зөөлөн барилдаад байгаа юм биш үү” гэхээр “Үгүй, би худлаа барилдаагүй. Та нар чинь хүн унагаагаад байх юм” гэдэг. Манай пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Нарантуяа багш маань үнэхээр мундаг. Мэдээж хараагүй хүмүүстэй ажиллахад энгийн хүмүүстэй ажиллахаас хэд дахин хүнд байх нь ойлгомжтой.

-Бага насны тэр тусмаа эмэгтэй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болоход сэтгэлээр их унадаг, өөртөө итгэх итгэлээ алддаг. Тийм хүнд үед өөрийгөө хэрхэн хурцалж, даван туулсан бэ. Хамгийн хэцүү зүйл юу байв?

-Хөдөө орон нутагт хараагүй хүн маш ховор байдаг. Тиймээс анги, үе тэнгийнхэн, ойр орчимдоо би ганцаараа л хараагүй болоход маш хүнд санагдаж байсан. Хүүхэд л болсон юм хойно “бусад нь хараад байхад, би л ганцаараа харахгүй байна” гэж гомдоллох үе олон байсан. Сүүлд хараагүйчүүдийн МСҮТ-д ирээд надтай адилхан олон хүн байдгийг мэдээд эвлэрсэн.

-“Би чадах болов уу. Амжилтад хүрэхгүй бол яана” гэх эргэлзээ хэр байсан бэ?

-Өмнө нь эргэлзээ их байдаг байсан. Учир нь сул хардаг тамирчидтайгаа бэлтгэл хийж, тэмцээнд оролцож, ихэвчлэн медалиас мултардаг байлаа. Сүүлдээ ч  шантарчих гээд л байсан. Харин саяын дэлхийн аваргаас хойш харааны түвшний ангиллаар оролцдог болсноор итгэл найдвартай болж, тэр эргэлзээ маань бүрэн арилсан. Одоо өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байна. Цаашдаа адилхан л хараагүй хүнтэй барилдах гэж байгаа болохоор зориг л дутахгүй бол өөр дутаад байх зүйл надад байхгүй.

-Та шантарч, бууж өгмөөр санагдсан үедээ өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Шантарч, бууж өгмөөр санагдсан үедээ “үгүй ээ, би тэгэх ёсгүй, эцсийг нь үзэх ёстой” л гэж дараа нь л боддог. Яг тухайн эгшинд шантарчихдаг л даа. Ийнхүү өөрийгөө хурцалж, бэлтгэл сургуулилтаа орхихгүй явсны үр дүнд өнөөдөр амжилтад хүрсэн гэж боддог юм.

-Тусгай зориулалтын спорт цогцолбор байхгүй болохоор бэлтгэл сургуулилалтаа хийхэд хэцүү байдаг уу?

-Тийм ч хэцүү байдаггүй, дасчихсан болохоор. Энгийн хүмүүстэй бэлтгэл сургуулилт хийхэд илүү их хөгжиж байдаг. Бид нар С.Солонгогэрэл багшийн удирдлага дор  Борнуур суманд очиж энгийн хүүхдүүдтэй бэлтгэл сургуулилтаа хийсний үр дүнд өнөөдөр бас энэхүү амжилтыг гаргасан байх гэж боддог юм аа.

-Таны хамгийн их хэлэх дуртай үг юу вэ?

-Зорьж явахад болно. Бид нар бүтээнэ, чадна гэж хэлдэг.

-Тамирчин хүнд тохиодог хамгийн хүнд хэцүү зүйл бол бэртэл, гэмтэл байдаг. Таны хувьд?

-Тамирчин хүн бэртэл, гэмтэл авахгүй байна гэж байхгүй болов уу. Миний хувьд ДАШТ-д явахынхаа өмнө мөрөндөө гэмтэл авч байсан. Гэмтлээ гүйцэт эдгээж орж чаддаггүй. Барилдаж байх үедээ ч гэмтэл мэдэрдэггүй. Маргааш нь л маш хүчтэй өвдөлт өгч мэдрэгдэж байсан.

-Хэрвээ тамирчин болоогүй бол гэж бодож байв уу?

-Бодож үзсэн. Тамирчин болоогүй байсан бол хараагүй хүмүүс ихэнх нь бариа заслын ажил хийдэг. Түүнийгээ л хийх байсан байх даа.

-Энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөж байна. 2023 ондоо амжилт бүтээлээр арвин байж, “Парис-2024” олимпод нь амжилт хүсье.

-Баярлалаа. Жүдо бөхийг сонирхогч, дэмжигчид болон энэхүү спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн тамирчдадаа маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн тулд бэлтгэл, сургуулилтаа илүү хичээн хийх болно.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(64.119.24.33) 2023 оны 01 сарын 15

Охиноо сэтгэлийн хаттай,тэвчээртэй болгож өсгөсөн аав ээж хоёрт нь талархаж байна ,мундаг юм аа

0  |  0
zochin(203.23.199.221) 2023 оны 01 сарын 13

sain baina mundag baina . amjilt nemeed olipoos zaabal medali abnashuu.

0  |  0
Top