Сумын цолтнуудын барилдаанд Сумын заан Э.Дашдэмбэрэл түрүүллээ

2023 оны 01 сарын 09

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Хантайшир” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, сумын заан Энхжаргалын Дашдэмбэрэл анх удаагаа түрүүлж, Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, сумын заан Энхбаярын Амартүвшин анх удаагаа шөвгөрч, улмаар үзүүрлэлээ.

Шөвгийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Завхан дэвжээ, АВДС-ийн бөх, сумын баяр наадмын 5 түрүүтэй заан Д.Хандсүрэн шалгарав. Их шөвгийн гурван бөхийн бөхийн шагналыг улсын заан Б.Бат-Өлзий хувиасаа гардуулж, баяр хүргэсэн юм.

Шөвгийн тавд Баянхонгор аймгийн Баянлиг сумын заан, “тэмээ өргөдөг” Ш.Эрдэнэбаяр, Увс аймгийн Малчин сумын заан, 10-р сарын түрүү бөх Э.Түмэннасан нар үлдэв.  Мөн улсын заан Б.Бат-Өлзий өөрийн зүгээс “Уран барилдаан”-тай бөхийн шагналыг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын заан Э.Дашдэмбэрэлд, “Уран гараа дэвээ”-тэй бөхийн шагналыг Ховд аймгийн Зэрэг сумын заан О.Есөн-Эрдэнэд, “Өсөх ирээдүй”-тэй бөхийн шагналыг Архангай аймгийн Хотонт сумын залуу бөх Б.Гончигсүрэнд, “Ахмад бөх”-ийн шагналыг Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, сумын заан Х.Батсайханд тус тус гардууллаа.

Харин сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бүр дээр олгодог Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Хэнтий аймгийн Мөрөн сумын заан Энхтайваны Бадмаанямбууд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын бөхийн холбооны тэргүүн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийн дарга, бөхийн хорхойтон Алтанцэцэгийн Ганзориг, Үнэнч үзэгчдийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”-ыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын заан Мөнхбаярын Баасанжавт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Батмөнхийн Баатархүү нар гардууллаа.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 01 сарын 09

Сумын цолыг яаж авах вэ, худалдаж авах уу

0  |  0
Top