Спортын салбарын “Төр, хувийн хэвшлийн түншлэл” хэлэлцүүлэг боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооноос өчигдөр (2023.01.04) “Спортын салбарын төр хувийн хэвшлийн түншлэл” хэлэлцүүлгийг “Асем” клуб хауст зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь спорт нийтийн биеийн тамирын салбарт хөрөнгө оруулсан хувийн хэвшлийн байгууллага, төлөөлөгчдийн санал бодлыг сонсох цаашид хөрөнгө оруулалтыг дэмжихэд хууль, төрийн үйлчилгээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцах, ойрын хугацаанд салбартаа хийгдэх ажлын талаар мэдээлэл өгөх, оролцогч нарт зөв, эрүүл хооллолтын талаарх нэмэлт мэдээлэл өгөх байв.

Арга хэмжээнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, тус хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын улсын хорооны гадаад харилцаа мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй мэргэжилтэн төлөөлөгчид оролцов.

Спортын хувийн хэвшлийг төлөөлж “Төмөр Трейд” ХХК, “Дэрэннаран” ХХК, “Dandywin”, “Steppa arena”, “Ug arena”, “Хасумегават” ХХК, “Од” спорт цогцолбо, “Нүхт спорт центр”, “Эрд Буян” ХХК, “Рөүл Монголиа” дугуйн клуб, “Golden gem” клуб, Алхалтын нэгдсэн клуб, Шугаман бүжгийн клуб, “Мөнхийн үсэг” ХХК, “Eden” ХХК, “Sky resort-Асем клуб хаус” зэрэг нийт 19 байгууллагын 50 гаруй хүн уг хэлэлцүүлэгт оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ "Монгол Улсын засгийн газрын спортыг дэмжих хөтөлбөрүүд, төсөл, тэмцээн уралдаан, тамирчдын амжилтын ар тал болж явдаг хувийн хэвшлийн спортын томоохон төлөөллүүддээ юуны түрүүнд баярлаж талархснаа илэрхийлж байна. Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо нь Монголын спортын салбарыг шинэ шатанд гаргах, спортын бүтээн байгуулалт төр хувийн хэвшлийн гүүр болж чадна. Бид урт хугацаанд хамтарч, богино хугацаанд бүтээн байгуулалт, ур чадвар, амжилтын төлөө хамтрах нь зүйтэй.

Монгол Улсын засгийн газраас спортын бүтээн байгуулалтын ажилд ихээхэн анхаарч Хан-Уул дүүрэг Нисэх, Яармаг орчимд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын цогцолбор”, хамгийн олон үзэгчид, спортыг хамрах спорт цогцолбор, шинэээр “Төв цэнгэлдэх хүрээлэн” барих төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана. Мөн бид бүх аймаг, дүүргийн спорт ордонг шинэчлэх, барих, дүүрэг бүрт усан бассейн барих, хүлээн өгөх ажлууд амжилттай явагдаж буй” гэлээ.

Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрсдийн тулгамдсан асуудал, хуулийн заалт, хуульчлах асуудал, Монгол Улсын спортын салбарын өнөөгийн байдал, Спортын салбарын төр хувийн хэвшлийн түншлэл олон улсад мөн Монгол Улсад ямар байгаа талаар ярилцаж хэлэлцэгдэж буй асуудлаар нээлттэй ярилцаж үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top