ФОТО | Бразилчууд ПЕЛЕГ сүүлчийн замд нь үдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 04

Бразилийн хөлбөмбөгийн домогт тамирчин Пеле өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-ний өдөр 82 насандаа таалал төгссөн. Түүний шарилыг орон нутгийн цагаар даваа гарагт Сантос хотод аваачсан бөгөөд олон мянган хүн хуучин клубынх нь талбайд цугларч талийгаачид хүндэтгэл үзүүлэхээр дугаарлан зогсжээ. Мягмаг гарагт хөгжөөн дэмжигчид Урбано Калдейра цэнгэлдэхийн гадаа цугларч талийгаачийн 10 дугаартай өмсгөлийг өмсөн, багийнх нь тугийг намируулжээ. 

 

 

Цугларсан шүтэн бишрэгчид бөмбөр цохин бүжиглэж "Зөвхөн Пеле, 1000 гоол" хэмээн дуулж байв. Хотын гудамжаар түүний шарилыг авч явах үед нисдэг тэрэгнүүд агаарын хамгаалалт үзүүлсэн бол шарилыг уламжлал ёсоор галын машинаар зөөвөрлөсөн байна. 

 

 

Шарилыг далайн эрэг дагуух ээжийнх нь байшингийн хажууд авчирч гэр бүлийнхэн нь салах ёс гүйцэтгэсэн бөгөөд цугларсан бүх хүмүүс нэг минутын турш дуугаа хураан гашууджээ. Хэд хоногийн турш хөл хөдөлгөөтэй байсан далайн эрэг энэ үеэр тэр чигтээ зогсонги байдалд орж домогт тамирчны бүтээсэн гайхамшгийг эргэн санав. 

 

 

Хөлбөмбөгийн ноён оргил, тус спортын хаан хэмээн нэрлэгддэг Пеле ДАШТ-ий үеэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Түүний шүтэн бишрэгчид эмнэлгийн гадаа цугларч, түүнийг эдгээж өгөхийг бурхнаас гуйн залбирч байсан бөгөөд дэлхий даяар орших шүтэн бишрэгчид нь өнөөдөр түүнд дахин хүндэтгэл үзүүлэн, эцсийн удаа түүний өмнө мэхийн ёсолж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top