"KBS" гэмт хэрэгт холбогдсон алдартнуудыг телевизээрээ гаргахыг ХОРИГЛОВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 29

Энэ сарын 21-ний өдөр БНСУ-ын "KBS" телевиз 6 алдартныг нэвтрүүлэгт оролцож, телевизээр гаргахыг хориглож буйгаа зарлалаа. Эдгээр алдартнууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдож байжээ. 

Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны зохицуулах хорооны үйл ажиллагааны стандартын дагуу KBS телевиз хэрэг үйлдсэн түвшинг харгалзан үзэж алдартнуудад хязгаарлалт тавих, эсвэл телевизээр гарах эрхийг нь бүрмөсөн түдгэлзүүлдэг байна. 

Энэ удаагийн жагсаалтад жүжигчин Ким Сэ Рон, Гваг Дү Вон, "Shinhwa" хамтлагийн Шин Хе Сон нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт буруутгагдан ийнхүү эрхээ хасуулсан бол хөгжмийн зохиолч Don Spike, жүжигчин Ха Жон Ү, дуучин B.I нарыг хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдуулан эрхийг нь хасжээ. 

Жүжигчин Ким Сэ Рон өнгөрөгч тавдугаар сард Сөүл хотын Ганнам дүүргийн Хакдон уулзварын ойролцоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осол гарган цагдаад баривчлагдсан. Тэрээр зөвшөөрөгдөх хэмжээнээс их буюу 0.8 хувийн согтолттой байжээ. 

 

 

Жүжигчин Гваг Дү Вон есдүгээр сарын 25-ний 04:00 цагийн орчимд баарнаас гарч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 11км газар явсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан. Шалгалтын явцад мөн зөвшөөрөгдөх хэмжээнээс их согтолттой байсан аж. 

 

 

Дуучин Шин Хе Сон аравдугаар сард Замын хөдөлгөөний тухай хууль зөрчсөн хэргээр саатуулагдсан. Цагдаа нар согтуурлын зэргээ хэмжүүлэх шаардлага тавьсан ч эсэргүүцсэн Шин Хе Соныг тэр даруй баривчлан саатуулсан байна. 

 

 

Хөгжмийн зохиолч Don Spike өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш есөн удаа 45 сая вонын үнэ бүхий метамфетамин худалдан авсан хэрэгт буруутгагдсан. Мөн нийт 14 удаа хар тамхи хэрэглэсэн хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд 5 жилийн хорих ял авчээ. 

 

 

Жүжигчин Ха Жон Ү 2019 оны нэгдүгээр сараас мөн оны есдүгээр сар хүртэл Сөүлийн Ганнам дахь гоо сайхны мэс заслын эмнэлэгээс хууль бусаар профол авч хэрэглэсэн хэрэгт холбогдож 30 сая воноор торгуулжээ. 

 

 

Дуучин B.I 2016 онд танилаараа дамжуулан марихуан, LSD худалдан авч заримыг нь хэрэглэсэн хэрэгт буруутгагдсан. 2021 онд шүүхээс түүнд 3 жилийн хорих ял, 4 жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Тэрээр 80 цагийн нийгэмд тустай ажил хийж, 40 цагийн хар тамхиний эсрэг сургалтад сууж, 1.50 сая вонын торгууль мөн төлсөн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top