Л.Мөнхбаатар: Авлига авсан бол 12-20 жилийн ял оноодог болно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР:

-Авлигын хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл үзүүлэхгүй. Үндэслэлгүй хөрөнгөжих буй асуудлыг хөндөж авч үзэх нь зүйтэй. Авлига авсан этгээд 40 сая төгрөгөөр торгуулаад, гарч байгааг Эрүүгийн хуулиар чангатгана. Одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 22.1-т эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан бол 5,4-27 сая төгрөгөөр торгох, зорчих эрхийг 5 жилээр хязгаарлах, 1-5 жил хорих ял оногдуулах заалттай байсан.  

Тэгвэл зорчих эрх хязгаарлах шийтгэлийг хасаад 2-8 жилийн хорих ял оногдуулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний авлига авсан бол торгуулахгүй, зорчих эрх хязгаарлахгүй. Нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2-8 жилээр хасаад, 2-8 жил хорих ял эдлүүлэхээр хуульд тусгана.

Мөн авлига авсан улстөрийн албан тушаалтанг тусгайлан авч үзээд 5-8 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаад, 5-12 хугацаагаар хорих ял шийтгүүлнэ гэж заасан байсныг 20 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаад, 12-20 жилийн хорих ял оногдуулах заалтыг оруулахаар боловсруулна.  

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар бүлгийн хуралд мэдээлэл хийсэн. Жагсаалд оролцож буй иргэдийн шаардлага, Засгийн газраас сүүлийн 5 хоногт авсан арга хэмжээ, хууль эрх зүйн чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ.

Ерөнхий сайдын зүгээс жагсагчидтай уулзах, санал сонсох, үг хэлэх нөхцөлийг бүрдүүлэх, аль болох хэлэлцээрт орох, асуудлыг хурдан шийдэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Жагсагчдын зүгээс тавьж буй нэг л том шаардлага бий. Энэ нь хариуцлага тооц гэж байгаа тул хууль эрх зүйн хүрээнд ямар асуудлыг авч үзэх вэ гэдгийг ярилцсан.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар мэдээлэл сонслоо. Ялын бодлого чангатгах хэрэгтэй байна. Иймд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан авлига албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж болдог байдлыг өөрчлөх. Цаашлаад үндэслэлгүй хөрөнгөжих асуудалд ч хариуцлага тооцох ёстой гэж ярилаа. Энэ хоёр хуулийн төслийг лхагва гарагийн Засгийн газрын хурлаар оруулаад, энэ долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэхээр боллоо.

Гуравдугаарт,  байгалийн баялаг, төрийн өмчийн менежмент сайжруулах асуудал байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хууль, Уул уурхайн  бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг энэ долоо хоногт яаралтай горимоор хэлэлцээд, ирэх долоо хоногт батлах шаардлагатай гэж үзсэн.

Дөрөвдүгээрт, ҮАБЗ-өөр зөвлөмж гаргаад гэрээ хийдэг байдал 10 гаруй жил үргэлжилсэн. Цаашид эрх зүйн орчинг судлах шаардлагатай байна. Гэрээ хэлэлцээрийг УИХ, Засгийн газраар хэлэлцэн шийддэг чиглэлрүү орохгүй бол болохгүй нь.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.3.222) 2022 оны 12 сарын 13

20 жил хорих юм бол хорин жил төрийн албанд яаж орох вэ дээ. логик где?

0  |  0
Иргэн(192.82.69.244) 2022 оны 12 сарын 12

Хуулиа батлаад гаалийн байгууллагуудад аа анхааруулаарай жирийн иргэд бизнесийн бараа бүтээгдэхүүнээ хилээр оруулах гэж энэ салбарт ажиллаж байгаа гаалийн авилгын хүнд сурталд туйлдаж үйлээ үзэж байгаа шүү жирийн бизнес эрхлэгчдээ бүү хөлдөө чирээрэй...

0  |  0
Top