Чингисийн түүхийг түгээхэд төр анхаарахыг түүхчид хүсэж байна 

2022 оны 11 сарын 25

Их эзэн Чингис хааны  мэндэлсний 860 жилийн тэгш ой, монгол бахархлын өдөрт зориулан МУИС-иас “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурлыг Монгол-Японы төвд зохион байгууллаа.

Тус хуралдаанд үндсэн илтгэгчээр болон чиглүүлэгчээр МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор доктор П.Дэлгэржаргал зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс болон бусад эрдэмтэн судлаач, түүхчид оролцсон юм.

Тэрбээр Чингис хаан ба монгол үндэстний хэл соёл, үзэл суртал,одоогийн төр хэрхэн оршин тогтнох болсон зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Цаашлаад Чингис хааны түүхийг өв тэгш түгээж Монголын ирээдүй болсон хүүхэд залууст бидний өвөг дээдэс  баатарлаг арвин их түүхтэй хүмүүс байсан тэднээр  бахархах учиртай гэдгийг сурталчлан таниулах зорилготой аж. Мөн хүүхэд багачууд руу чиглэсэн Чингис хааны түүхийг агуулсан кино контент хийж оюуны том  хөрөнгө  оруулалт хийхийг эрмэлзэж  буйгаа  хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид  онцоллоо. Хуралдаанд ирсэн эрдэмтэн судлаачид Чингис хааны мэндэлсэн өдөр болон тус эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцсэн асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.


 

П.Дэлгэржаргал: Чингис хааны түүхийг өгүүлсэн кино, контент дутмаг байна

 

/МУИС-ын түүхийн тэнхимийн профессор, доктор/

 

-Чингис хааны мэндэлсэн өдрөөр түүнд хүндэтгэл үзүүлж хийсэн бүтээсэн үйл хэргээр нь бахархах хэрэгтэй. Цаашид ард түмэн залуу хойч үеийнхэн дундаа энэ өдрийг хэрхэн үнэ цэнэтэй байлгах зорилгоор хэрхэн ямар арга барилаар түүхээ хадгалж үлдэх вэ гэдэгт эрдэмтэн судлаачид бид анхаарч байгаа. Мөн Чингис хааны үед төрийн бодлого хэрхэн өрнөж байсанд ач холбогдол өгч байна.

Бид Чингис хааны таван боть номын утга үзэл санааг Монголдоо болон дэлхийд түгээн дэлгэрүүлэх кино, контент хийхээр төлөвлөсөн. Ингэхийн тулд бүх салбарынхан үүнд оролцох учиртай. Чингис хаан түүхийн салбарыг урагшлахад асар их хувь нэмэр оруулсан. Энэ түүхийг гуйвуулахгүйгээр дэлхийд үнэнээр нь харуулах тийм боломжийг эрэлхийлж байна.

Жишээлбэл, Монголын нууц товчооны талаар олон улсын ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулгад тусгаж өгөх. Ингэснээр дэлхийд Чингис хааны түүхийг бодитоор таниулахад том алхам болно. Нэг үеэ бодвол манай улсад Чингис хаан судлал хөгжсөн. Цаашид энэ өдрийг бүх нийтээрээ амраад зогсохгүй, үр өгөөжтэй өдөр болгоход түлхүү анхаарах нь зүйтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Чингис хааны тухай баримтат кино контентийг түлхүү гаргавал зохистой. Ингэвэл бид үүх түүхээ өв тэгш хадгалж түгээн дэлгэрүүлж чадна.

 

Д.Идэр: Хүн бүр их хааны мэндэлсэн өдрийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй

 

 

-Энэ жилийн Чингис хааны мэндэлсэн өдөрт өндөр ач холбогдол өгч байна. Үүний нэг  нь Монгол Улсын Их сургуулиас зохион байгуулж буй энэ хурал юм. Энэ өдөрт зөвхөн эрдэмтэн судлаач, түүхчид ач холбогдол өгөх биш юм. Нийтээрээ энэ өдрийг хүрээлэн буй орчиндоо танин мэдүүлэх үүргийг хүлээж байна. Чухам яаж вэ гэхээр Чингис хааны эш хөрөг болон " Монголын нууц товчоо"-г гэртээ залах. Ингэснээр гэр бүлээр дамжин багачууд түүхийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болохын зэрэгцээ түүхээ дээдэлж судлах сонирхол бий болно хэмээн үзэж байна. 

 

Д.Анхбаяр: эрдэм судлалын ажилд төрийн оролцоо чухал байна

 

/МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор/

 

-Чингис хаан судлалын ажил олон улсад эрчимтэй өрнөж байна. Тэр дундаа Монголын Эзэнт гүрний түүхийн судалгааг олон улсын түвшинд сонирхож байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн Эзэнт гүрний харьяанд байсан улсууд Чингис хаантай өөрсдийгөө холбон судлах боллоо. Шинжлэх ухаанд манай улс дотоодын нийт бүтээгдэхүүний тав хүрэхгүй хувийг зарцуулдаг. Хэрэв таван хувьд хүрч чадвал шинжлэх ухааны хөгжил урагшилна.

Өнөөгийн түвшинд Чингис хаан судлалын ажилд төрийн оролцоо чухал байна. Нэгэнт музей байгуулж ойн өдрийг тэмдэглэж байгаа бол ташрамд судалгааг ч бас орхигдуулж болохгүй. Энэ нь үндэсний бахархал, тусгаар тогтнол, оршин тогтнох байдалтай нягт холбоотой учир төрийн онцгой эргэлтэд байх учиртай. Шинжлэх ухаан хөгжиж байж улсын хөгжил яригдана.

 

Б.Түвшинтөгс: Монгол хэлнээ хөрвүүлсэн ном зохиол ховор 

 

/МУИС-ийн хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор/

 

-Бид сүүлийн жилүүдэд энэ өдрийг нийтээрээ тэмдэглэн өнгөрөөдөг боллоо. Энэ жил Чингис хааны мэндэлсэн 860 жилийн тэгш ой тохиож байгаагаараа онцлогтой. Үүнтэй холбогдуулан шат шатны байгууллагууд ач холбогдол өгч өвөрмөц тэмдэглэхийг зорьж байна. Өнөөгийн нийгмийн үндсэн суурийг байгуулсан хүн бол Чингис хаан юм. Тэртээх 800 жилийн өмнө монголчууд дэлхийг захирч байсан. Энэ үед монгол хэл одоогийн англи хэл шиг бусдыг байлдан дагуулж байсан. Үүнийг дагаад тухайн үед монгол хэлээ сурах гэж хичээж байсныг илтгэх баримтууд бий. Үүнийг нийтээрээ мэддэг байх хэрэгтэй. Энэ үйл хэргийг үргэлжлүүлж Чингис хааны үеийн бичиг хэл соёлын түүхийг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Чингис хааны тухай ном зохиол, роман монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарах нь олширсон. Өнөө үед монгол хэлний үнэ цэнэ өдөр ирэх бүр өсөж бүх шинжлэх ухааны үндэс болж байгаа. Гэтэл  Чингис хааны өв соёлын түүх монгол хэл дээр хүрч чадаж байна уу гэдгийг бид судлахад хангалтгүй  байна. 

Ийн эрдэмтэн судлаач түүхчид Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хуралдаан  зорилготой , өгөөжтэй  болсон юм. Тэд энэхүү хурлаар дамжуулан тодорхой асуудлуудаа хэлэлцэж цаашид Чингис хааны мэндэлсэн өдрийг эерэг байдлаар хэрхэн хүртээмжтэй тэмдэглэх вэ гэдэгт түлхүү анхаарах цаг нь болж хэмээн төр засагт ч санал бодлоо илэрхийллээ. 

 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хар феодал(202.179.24.137) 2022 оны 11 сарын 25

хар,шар феодал л гэж мэдэхээс биш, хайрт өвөө байсныг мэдэхгүй юм байна өө., олон нүүдэлчин аймаг нэгтгэхийн тулд геноцид терор үйлчилсэн л байж таараа, дундад иргэн улс мао даргаа 50 хувь нь сайн 50 х 50 гэдэг шиг л байх хэрэгтэй юм өө

0  |  0
Top