Тэд бидний тухай: Ноолуурын замаар нүүдэлчдийн хамт

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06


Цэрэндоржийн Оюунаа өөрийн нэрээр нэрлэсэн брэндийн ноолууран бүтээгдэхүүнийх нь түүхий эдийг нийлүүлдэг малчидтай уулзангаа эх нутаг Монголоороо аялжээ.

Түүний аяллын тэмдэглэлийг “Guardian” хэвлэлд онцолсныг хөрвүүлэн хүргэж байна.

2002 онд брэнд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлснээс хойш Монгол нутагтаа ирж, ноолуураа өгдөг ямаан сүргийг хариулдаг малчин айлуудаар зочилж, амьдрал ахуйтай нь танилцахыг зорьдог болов. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон зүйл өөрчлөгджээ. Гэвч нэг л зүйл хэвээр. Олон зууны турш огт өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн тэр зүйл бол нүүдэлчин бидний амьдралын хэв маяг, үнэт зүйлс юм. Бид газар, тэнгэр, уул, усаа үг хэлээрээ, бурхны шашин, дуу, бүжгээрээ тахин шүтсээр ирсэн.

Уламжлал болсон энэ удаагийн аяллаараа ноолуурын салбарт тогтвортой байдлыг хангах урт хугацааны стратегийг хэрэгжүүлж буй “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” олон улсын төрийн бус байгууллага зэрэг хөтөлбөрт хамрагдсан малчин түмнийг онцлон зорилоо.
 


Улаанбаатар хотод буухад өдөртөө -60 С, шөнөдөө -160 С хэм хүйтэн байсан ч цэлмэг хөх тэнгэр, сэтгэл сэргээсэн, сэнгэнэсэн агаар угтав. Гэрэл зурагчин Давааням, оператор Хүрлээгийн хамт жийп хөлөглөн, баруун Монголыг зорилоо. Бид хийн плиткаар зэвсэглэж, хангалттай кофе, хөнгөн зууш базаав. Ковидын улмаас алсын аймгуудад ихэнх шатахуун түгээгүүрийн станц ажиллахгүй байгаа гэсэн яриа сонсогдсон тул нэмж шатахуун авав. Бид нийслэлээс Монголын баруун хязгаар зорихдоо урд чиглэлээр 1500 км явж, буцахдаа хойд чиглэлийн замыг сонгохоор болов. Долоо хоногт нийт 3000 км зам туулахдаа зам зуур малчин айлуудаар орж, эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцах төлөвлөгөөтэй аялалд гарав.

Монголд замд таарсан ямар ч айлаар зочлох боломжтой. Тэдний найрсаг, зочломтгой зан үлгэр, домог болон алдаршсан. Нүүдэлчин хүмүүс байгальд захирагддаг тул хүмүүс холбоотнууд байх ёстой гэж үздэг. Зөвхөн монгол нүүдэлчид төдийгүй бүх нүүдэлчин түмэн найрсаг зочломтгой байдаг. Тэдний дэргэд жинхэнэ амьд харилцаа үүснэ.
 


Малчидтай камерын өмнө ярилцаж, тэдний гэрэл зургийг мэргэжлийн түвшинд авсан нь миний хувьд анхны тохиолдол байлаа. Би эх дэлхий, газар шороо тэдний хувьд ямар чухал болох, малчин байхын хамгийн хүнд бөгөөд хамгийн сайхан нь юу болох, тэдний хамгийн үнэт зүйл нь юу болох талаар асуув. Тэд гэр бүлээс авахуулаад, газар шороо, уул ус, хувь хүний үнэт зүйлсийн тухай дэлгэрэнгүй хүүрнэлээ.

Би ноолуурын үйлдвэрлэлийн сүлжээний хоёр талд буй хүмүүсийг холбох туйлын хүсэлдээ хөтлөгдөн Их Британи болон гаднын уншигчдаас асуух зүйл байгаа эсэхийг тэднээс мөн лавлалаа. Учир нь ямаан сүрэг хариулдаг малчид энэ гинжин хэлхээг эхлүүлж, ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчид энэ хэлхээг төгсгөдөг. Тэднийг холбох хүсэл, зорилго тээж явдгийн учир энэ.

Жилийн дөрвөн улиралд малчид нар мандахтай зэрэгцэн босно. Монголд зуны улиралд нар 04.00 цаг орчимд мандана. Гэрийн эзэгтэй эхэлж босоод, галаа түлж, гэрээ дулаацуулна. Гэр дулаан болмогц хүүхдүүд сэрнэ. Өвлийн -300 С нөхцөлд гэрт ямар хүйтэн болдгийг төсөөлөөд нэг үзээрэй.  
 


Орчин цагт ихэнх малчин өрх нарны зай ашиглан, телевиз үзэж, гар утсаа цэнэглэдэг болсон. Зөвхөн мод, эсгийнээс бүтсэн монгол гэрт цахилгаан соронзон бохирдол үгүй. Монгол гэр нь дэлхий дээрх хамгийн байгальд ээлтэй орон сууц. Өвлийн хүйтэнд дулаанаа хадгалж, зуны халуунд сэрүүцүүлнэ. Авч явах боломжтой, барьж, буулгахад хялбар монгол гэрийн хийц маяг энгийн хэрнээ төгөлдөр. Монгол гэр нь ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн билээ.

Өглөөний цайндаа сүүтэй цай, өрөмтэй боорцог идсэний дараа малдаа гарна. Хэдэн үнээтэй гэдгээс хамааран өглөөний саалийн цаг хоёр цаг орчим үргэлжилнэ. Үүний дараа малаа бэлчээрт гаргана.
 


Малчин өрх өөрсдөө хүнсээ бэлтгэнэ. Тэд мах болон сүүн бүтээгдэхүүн голлон хэрэглэнэ. Сүүлийн 200 орчим жилд цагаан будаа, төмс, ногоо хүнсэндээ хэрэглэж эхэлжээ. Хэдийгээр будаа, ногоо өргөнөөр хэрэглэхгүй ч аймаг, сумын төвөөс худалдан авч болно. Үхэр, хонины махны чанар төгс.

Монгол малын мах органик төдийгүй бэлчээрийн өвс, ургамал иддэг тул амт нь тэс өөр. Энгийн аргаар чанасан мах, төмс, лууван, сонгино гайхалтай сайхан амттай.
 


Орчин цагийн нүүдэлчид интернет өргөнөөр ашигладаг болсон. Тэд гол төлөв Facebook хэрэглэнэ. Харин орой үдэш шатар тоглож, нум сум харваж, хөгжим тоглож, шагай тоглоно. Жинхэнэ амьд харилцаа өрнөнө. Шагай нь таван хошуу мал болох хонь, адуу, тэмээ, үхэр, ямааг бэлгэддэг. Мэдээж хэрэг оньсого таалцаж, шүлэг уншиж, дуу дуулна. Нүүдэлчдийн аман соёл хүчтэй хөгжсөн байдаг.

Малчид эрт буюу 20.00 цаг гэхэд орондоо орно. Учир нь тэд өглөө нар мандахтай уралдан босох ёстой. Энэ бол хамгийн эрүүл амьдралын хэв маяг. Өрнөдөд биологийн цагийн талаарх ойлголт дөнгөж тренд болж байхад Монголд энэ нь хэдийн амьдралын хэмнэл болсон.

Малчин хүүхдүүд бага наснаасаа эхлэн тусад ордог. Дөрөв, таван насандаа тэд морь унаж, малаа эргүүлэх чадвартай болсон байдаг. Монгол Улсын нийт хүн амын 35 хувь буюу нэг сая монгол хүн мал аж ахуй эрхэлдэг ба үр хойч үедээ өвлүүлэх нь элбэг. Миний аав хөдөө төрсөн ч хожим нь хотод нүүж ирсэн.

Малчин байх амаргүй. Цас зудтай хатуу өвөл, гантай хуурай зун малчдыг сорино. Тиймээс залуу малчид хот руу хошуурдаг болжээ. Гэтэл хотод тэднийг амаргүй нөхцөл угтана. Боловсрол, мэргэжил дутуу тэд хотын орчинд дасан зохицоход хүнд. Зарим нь ядууралд орох нь ч бий. Тиймээс малчдад төр засаг, төрийн бус байгууллага, ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зүгээс дэмжлэг хэрэгтэй. Залуу малчид нүүдэлчин соёлоо орхих нь туйлын гунигтай. Тэр үед дэлхий дээр тунаж үлдсэн цөөн нүүдэлчин соёлын нэг болох, бидний мэддэг Монгол өөрчлөгдөнө.

Олон зуун жил өвлөгдөж ирсэн малчин соёл уламжлалт тэр л хэлбэрээрээ үлдэх учиргүй. Монголын орчин цагийн нүүдэлчин түмнийг дэмжих, хөгжүүлэх, сургах олон арга зам бий. Орчин цагийн малчин боловсролтой, хувийн бизнестэй болж, өвөг дээдсийнхээ нэгэн адил малчин гэдгээрээ бахархах боломжтой. Ингэснээр гайхамшигтай нүүдэлчин ахуй, үнэт зүйлс хадгалагдан үлдэж, дэлхий дахинд өгөөжөө өгсөөр байх болно.


Аяллын нэгэн онцгой үдэш бид Ховд аймагт залуу хос Лхайсүрэн, Уянга нарын өргөө гэрт хонох завшаан тохиов. Гэрийн тооноор оддыг харан, зууханд ноцох модны үнэр, чимээг сонссоор нойрсож, нүд алдам талыг харж сэрэх нь энэ аяллын хамгийн гайхалтай, мартагдашгүй хэсэг нь байлаа. Малчин өрхийн зочны өрөө нь хил хязгааргүй тал нутаг, хөх тэнгэр юм. Үүнийг мэдрэхийг, хойч үедээ мэдрүүлэхийг хүсэхгүй хэн байх билээ?

Эх сурвалж: Guardian 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top