Түүх, газарзүйн хичээлийг музейд орно

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Танхимаар хичээллэдэг түүх, газарзүйн хичээлийг музейд оруулах боломжийг Соёлын яам судалж эхэлжээ. Музейн өв санг хойч үедээ сурталчлан таниулах, музейг зорих олон нийтийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх чиглэлээр Соёлын яамнаас олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд түүний нэгд энэхүү асуудал хөндөгдөж байгаа юм.

Энэ талаар Соёлын сайд “Музей бол соёлын биет, биет бус өвийг хамгаалах чухал газар. Тиймээс музейн тухай хуулиар 16 хүртэлх насны хүүхдүүд музей үзэхэд үнэ төлбөргүй байхаар заасан. Үүн дээр тулгуурлан түүх, газарзүй гэх мэт хичээлийг музейд явуулдаг сонгодог арга барилыг нь дэлгэрүүлэх бодлогыг Соёлын яам баримталж байна. Ингэснээр музей нь бусад боловсролын байгууллага, ялангуяа сургуулиудтай хамтран мэдлэг боловсруулах, түгээх зэрэг боловсролын хөтөлбөрүүд явуулах замаар албан ба албан бус боловсрол, насан туршийн боловсрол олгоход хамтран оролцоно. Соёлын олон төрөл зүйл аажмаар устах үр дагавар нь зөвхөн Монгол Улсын биш аливаа улс үндэстэнд тулгарч байгаа асуудал юм. Манай улс үүнийг бодитой “аюул” гэж харсан тул шинэ болон шинэчлэн найруулсан, орчин цагийн музейн харилцааг зохицуулах, музейн үүргийг бэхжүүлэхэд чиглэгдсэн хуулийг баталсан. Хадгалах, судлах, харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн музейн үндсэн дөрвөн үүргийг тасралтгүй хөгжүүлэхийн тулд Музейн тухай хуульд холбогдох заалтыг нь оруулсан” гэж ярилаа.

Дашрамд өгүүлэхэд музейн зарим үйл ажиллагааг цахимд шилжүүлээд байна. Тухайлбал, иргэд онлайнаар тасалбар авахаас гадна үзмэр тайлбарлагчаа урьдчилан захиалах боломжтой болжээ.

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top