Австри, Перуд ковидын хязгаарлалтыг ЧАНГАТГАНА

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Австрийн Эрүүл мэндийн сайд Вольфганг Мюкштайн тус улсад иргэдийг шөнө гэрээсээ гарахыг хориглох талаар мэдэгджээ.

Тэрбээр “Коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг шөнийн цагаар гэрээсээ гарахад хязгаарлалт тогтооно. Хэлэлцэж байгаа арга хэмжээний нэг хэсэг нь энэ юм” гэж ОRF-2 телевизэд ярьжээ.

Эрүүл мэндийн сайдын ярьснаар хязгаарлалт 22:00 цагаас эхлэх аж.

Шөнө ажилладаг ресторануудыг дахин хаах төлөвтэй байгаа гэнэ.

Ковидын вакцин хийлгэсэн иргэдэд хамаарах нэмэлт арга хэмжээнүүдийн талаар эцсийн шийдвэр энэ сарын 17-нд гарах талаар Австрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Өмнө нь Австрийн канцлер Александер Шалленберг тус улсад арваннэгдүгээр сарын 15-наас COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд болон ковидоор өвчлөөгүй хүмүүст хөл хорионы дэглэм тогтоох талаар мэдэгдсэн билээ.

Тэгвэл Перуд ирэх арванхоёрдугаар сарын 15-наас коронавирусний халдварын тархалттай холбоотой хязгаарлалтыг чангатгана гэлээ.

Перугийн Засгийн газрын сонинд мэдээлснээр арванхоёрдугаар сарын 15-наас тус улсад иргэд олон нийтийн газраар зорчихдоо COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн гэрчилгээгээ заавал шалгуулах аж.

El Peruano сонинд “18-аас дээш насны иргэд хязгаарлагдмал орон зайтай олон нийтийн газраар орохдоо коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээгээ заавал үзүүлнэ” гэж мэдээлжээ.

Үүнээс гадна шуудан зөөгч нар болон нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар ажлаа гүйцэтгэхдээ ковидын эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан байх ёстой гэжээ.

Мөн 10-аас дээш ажилтантай компаниуд бүх ажилтан нь вакцинд хамрагдсан тохиолдолд хэвийн байдлаараа ажиллаж болно гэсэн байна.

Перугийн Эрүүл мэндийн сайд Оскар Угарте өнгөрсөн долоодугаар сард Засгийн газар оны сүүлч гэхэд бүх иргэд болон тус улсад оршин суугаа гадаадын иргэдийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top