Аймаг, сумаас гарч байгаа тээврийн хэрэгслийг ХЯЗГААРЛАНА

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу сар шинийн өдрүүдэд хаасан Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг маргааш /2020.03.03/ 06:00 цагаас нээнэ. 

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр 14 мянган тээврийн хэрэгсэл, 40 гаруй мянган иргэн нийслэлийг зорьж ирэх тоон судалгаа гарчээ.

Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болсон байна.
 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Аймаг, сум, нийслэлийн зам нээхтэй холбоотойгоор замын ачаалал нэмэгдэнэ. Үүнийг дагаад зам тээврийн осол хэрэг гарах магадлал нэмэгдэх учир цагдаагийн алба хаагчид байнгын 62, түр 36 буюу нийт 98 цэгт хяналт, шалгалт зохион байгуулан ажиллана. Мөн хөдөлгөөнт  байдлаар болон видео бичлэгээр замын хөдөлгөөнийг баримтжуулна. Орон нутгийн замд гарч байгаа нийт зам тээврийн ослын дийлэнх хувь тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалдаг учир орон нутгийн замд зөөврийн хурд хэмжигчийг тодорхой хэмжээтэй зайд дараалуулан байрлуулсан байгаа. Автозамын товчоодод иргэдийг нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж авч, үзлэг хийнэ.

Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодыг төвийн хэсэг, баруун зүүн гэх мэтээр хуваасан ч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Өлзийт" хорооллын постууд нэг гарцтай. Тиймээс тухайн пост дээр ачаалал үүсэх магадлалтай. Харин баруун талд буюу Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоон дээр нийт зургаан гарц нээхээр төлөвлөсөн бөгөөд тээврийн хэрэгслүүдийг ангилж оруулна. Тодруулбал, том оврын автомашиныг нэг эгнээгээр, нийтийн тээврийн хэрэгслийг нэг эгнээгээр оруулах бол бусад эгнээгээр суудлын автомашиныг нэвтрүүлнэ.

Маргаашаас цаг агаарын нөхцөл байдал шуургатай болж хүндрэх төлөвтэй байна.

Ерөнхийдөө замын ачаалал нэмэгдэнэ гэж тооцоолж буй учир хөдөлгөөн зохион байгуулалт дээр Цагдаагийн байгууллага болон Улсын онцгой комисс цаг тухайд нь шийдвэр гаргаж ажиллана. Тодруулбал, тээврийн хэрэгсэл ихээр зорчвол аймаг, сумаас гарч буй тээврийн хэрэгслийг хязгаарлах, тодорхой цагийн зайтай гаргах зэрэг арга хэмжээ авах учир ачаалал ихтэй энэ үед онц шаардлагагүй бол нийслэлийг зорихгүй байхыг анхааруулж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яана даа (66.181.166.134) 2025 оны 03 сарын 13

14 мянга гаруй приус унасан 40 мянга гаруй оркууд УБ-ыг чиглэн ирж явна. Хотын соёлтой иргэд минь, одоо яана даа. Онц байдал зарлая. Сүүлийн хэдэн хоногт түгжрэлгүй, уур уцаар бухимдалгүй, нус цэрээ хаяхгүй, согтуу хөлчүү хүмүүс харагдахгүй хэчнээн сайхан бв аа? Одоо дахиад л нөгөө заваан бохир орчиндоо эргээд орох нь. 7 хоног стрессгүй блгасан бурхан танд баярлалаа.

2  |  0
Top