Хөдөлгөөн нээлээ: Хот руу 14 мянган автомашин буцаж ирнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу сар шинийн өдрүүдэд хаасан Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагаас нээлээ. 

Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байна.

Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ.


Энэ дагуу
 

  • Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт,
     
  • Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт,
     
  • Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт,
     
  • Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт,
     
  • Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.  


Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллахаар болсон байна. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэхээр төлөвлөжээ.

Аймгуудын Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн 105-ын бүлэг ч хоёр хоногийн хугацаатай ажиллах юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Аймаг, сум, нийслэлийн зам нээхтэй холбоотойгоор замын ачаалал нэмэгдэнэ. Үүнийг дагаад зам тээврийн осол хэрэг гарах магадлал нэмэгдэх учир цагдаагийн алба хаагчид байнгын 62, түр 36 буюу нийт 98 цэгт хяналт, шалгалт зохион байгуулан ажиллана. Мөн хөдөлгөөнт  байдлаар болон видео бичлэгээр замын хөдөлгөөнийг баримтжуулна. Орон нутгийн замд гарч байгаа нийт зам тээврийн ослын дийлэнх хувь тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалдаг учир орон нутгийн замд зөөврийн хурд хэмжигчийг тодорхой хэмжээтэй зайд дараалуулан байрлуулсан байгаа. Автозамын товчоодод иргэдийг нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж авч, үзлэг хийнэ.

Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодыг төвийн хэсэг, баруун зүүн гэх мэтээр хуваасан ч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Өлзийт" хорооллын постууд нэг гарцтай. Тиймээс тухайн пост дээр ачаалал үүсэх магадлалтай. Харин баруун талд буюу Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоон дээр нийт зургаан гарц нээхээр төлөвлөсөн бөгөөд тээврийн хэрэгслүүдийг ангилж оруулна. Тодруулбал, том оврын автомашиныг нэг эгнээгээр, нийтийн тээврийн хэрэгслийг нэг эгнээгээр оруулах бол бусад эгнээгээр суудлын автомашиныг нэвтрүүлнэ. Цаг агаарын нөхцөл байдал шуургатай болж хүндрэх төлөвтэй байна.

Ерөнхийдөө замын ачаалал нэмэгдэнэ гэж тооцоолж буй учир хөдөлгөөн зохион байгуулалт дээр Цагдаагийн байгууллага болон Улсын онцгой комисс цаг тухайд нь шийдвэр гаргаж ажиллана. Тодруулбал, тээврийн хэрэгсэл ихээр зорчвол аймаг, сумаас гарч буй тээврийн хэрэгслийг хязгаарлах, тодорхой цагийн зайтай гаргах зэрэг арга хэмжээ авах учир ачаалал ихтэй энэ үед онц шаардлагагүй бол нийслэлийг зорихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.197) 2025 оны 03 сарын 13

Гэмт хэргийн уурхайнууд, бохир заваан, хотын соёлд суралцах ухамсаргуй амиа бодсон сэлгууцэгчид.

1  |  0
123456(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

xaltuurchin orkuudaa xodoo gertee neg xesegtee bai

3  |  0
Нэр(202.21.108.159) 2025 оны 03 сарын 13

Энэ хэдэн цагдаа нар л хэцүү юм даа юм бүхний урд байх юм

2  |  0
иргэн(202.21.115.126) 2025 оны 03 сарын 13

Орон нутагтаа энэ өвчин арилтал зарим хүмүүс амьдарч болдоггүй юм уу?Хөдөөний ажил хийдэггүй дэмий сэлгүүцдэг нөхдүүд хотод олон байдаг шүү.

2  |  0
Гэрэлээ(66.181.161.49) 2025 оны 03 сарын 13

Бишгүйдээ л зохицуулж ажиллаж байна даа. Хичээсний үр дүн сайн сайхан байгаасай.

2  |  1
Top