.PNG)
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдсан. Хуулийн гол нэмэлт өөрчлөлтөөр ус бохирдуулсны төлбөрийн дээд болон доод хэмжээг өөрчилж, бохирдол ихсэх бүрд төлбөр нэмэгдэх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой тусгаж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг ус бохирдуулсны төлбөрөөс гурван жилийн хугацаанд чөлөөлөх, ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50-аас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.
Хууль батлагдсантай холбогдуулан Монгол улсын засгийн газар, БОАЖЯ-ны зүгээс дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Үүнд:
- “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”, “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам”-ыг ЗГ-ын 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 316 дугаар тогтоолоор батлуулсан.
- БОАЖ-ын сайдын 2019 оны долоодугаар сарын 2-ны өдрийн А/331 дүгээр тушаалаар ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдан гарах захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан идэвхтэй ажиллаж дараах захиргааны хэм хэмжээний актуудыг боловсруулан батлуулаад байна.
Үүнд:
- Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтад нэмэлт оруулан БОАЖ-ын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/543 тоот тушаалаар;
- Хаягдал ус хаях зайлуулах зөвшөөрлийн бичгийн загварыг БОАЖ-ын сайд, БХБ-ын сайдын хамтарсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/719/189 тоот тушаалаар;
- Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журмыг БОАЖ-ын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/635 тоот тушаалаар;
- Хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй байгуулах ус бохирдуулсны төлбөрийн гэрээний загварыг БОАЖ-ын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/635 тоо тушаалаар;
- Мөн хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтоох тухай БОАЖ-ын сайд, БХБ-ын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/816/218 тоот тушаалаар тус тус батлуулсан.
- Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж, хамтарсан тушаалын төсөлд БХБЯ, СЯ-аас санал авах, хянаж батлах түвшинд явж байгааг БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Д.Сайханжаргал хэлж байна.
Дээрх захиргааны хэм хэмжээний актуудыг боловсруулж баталснаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдэж, аж ахуйн нэгж байгууллагууд усыг эргүүлэн ашиглах, хаягдал усыг стандартад нийцүүлэн цэвэрлэх, улмаар цэвэрлэх байгууламжуудын ачааллыг эрс багасгах, байгаль орчны бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж буй юм.
Эх сурвалж: Байгаль, орчин, аялал жуулчлалын яам
Сэтгэгдэл ( 1 )
Гоогоожиргаал аяа