Утааны эсрэг үйл хэрэгт дэмжлэг үзүүлж буй цэргүүдэд талархал илэрхийлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 29

Зэвсэгт хүчний Жанжин штабаас 300 гаруй цэрэг Тавантолгой түлш ХХК-д ажиллаж байгаа аж. Цэргүүд шахмал түлш савлах, түгээх зэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм байна.

Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байгаа юм. Тус хамтын ажиллагааны хүрээнд цэргүүд Тавантолгой түлш ХХД-д ажиллаж буй юм.

 Тэгвэл өчигдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэргийн алба хаагчдын  шинэ жилийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар оролцсон байна. Цэргийн алба хаахын хажуугаар Улаанбаатар хотыг утаагүй болгох үйл хэрэгт дэмжлэг үзүүлж байгаад талархал дэвшүүлж гарын бэлэг гардуулжээ.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Энхийн цагт эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үр дүнтэй оролцож болдог гэдгийг эрэлхэг дайчид ээж аавын хөвгүүд та бүгд харуулж байна. Нийслэлээ цэвэр агаартай хот болохын төлөө нийт зэвсэгт хүчний 5 ангийн 300 гаруй бие бүрэлдэхүүн хичээн зүтгэн ажиллаж байгаа. Та бүгдээр эх орон, ээж, аав, ах дүү цаашлаад нийслэлчүүд бид бахархаж байна” хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top