Өнөөдөр /2019.11.04/ Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлж байна.
Хичээл эхэлсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид "Эрсдэлгүй орчин эцэг эхийн хариуцлага" хүрээнд бага насны хүүхдийг зөв тээвэрлэх зориулалтын суудлыг хэрэглэж хэвших тухай жолооч, зорчигч нарт зөвлөгөө өгч байна.
Энэ оны эхний арван сарын байдлаар 52 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ. Амиа алдсан хүүхдүүдийн ихэнх нь замын хөдөлгөөнд зорчигч байдлаар оролцож байсан нь эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг албаныхан сануулсаар байгаа юм.
ХҮҮХДИЙН СУУДАЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ВЭ
Тусгай суудал хэрэглэсэн үед осол гарвал хүүхдийн амь нас хохирох явдал найм дахин бага байдаг гэсэн судалгаа бий.
Ойролцоогоор 40 километр цагийн хурдтай яваа автомашинд хүүхдийн жин физикийн хуулиар 30 дахин ихэсдэг байна. Жишээ нь, таван кг жинтэй хүүхдийн биеийн жин машин осолдох, мөргөлдөх үед 150 кг жинтэй биетээр цохиж байгаатай адил хүчээр машины дотор салоны эд ангийг мөргөдөг аж.
Хэдий суудлын даруулга хэрэглэсэн ч 12 нас хүртэлх хүүхдүүдийн маань бэхжээгүй яс ослоос үүдэх энэ их хүчийг даадаггүй гэмтдэг. Тиймээс бяцхан үрсийнхээ төлөө хүүхдийн суудлыг хэрэглэж хэвшицгээе.


Сэтгэгдэл ( 0 )