Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ХНХЯ-ны гадна жагсав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдрийг тохиолдуулан Монголын тээврийн холбоо, Газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос  өнөөдөр /2019.10.07/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна жагсаал зохион байгуулж байна.

Тэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлт, Хэвийн бус нөхцөлийн талаарх 77 тоот тушаалд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа юм.

Чингис хаан олон улсын нисэх буудлын үйлдвэрчний хорооны дарга Б.Энхжаргал “2011 оноос хойш Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд оруулах шийдвэр гарсан боловч Хөдөлмөрийн сайдын 77 дугаар тоот тушаал, Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтыг баталсан Хөдөлмөрийн сайдын тушаалтай зөрчилдөж, орохгүй байсаар найман жил өнгөрлөө. Саяхан хүсэлтээ өгсөн Эрдэнэт үйлдвэр хүртэл Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд орчихсон байна. Тийм учраас хөдөлмөрчдөдөө эрх тэгш хандаж, ялгаварлалгүй шийдвэр гаргаач ээ хэмээн хүсэж жагсаж байна.

Манай байгууллагын тухайд агаарын хөлөгт нэвтрэхэд шалгалт хийдэг цөмийн үүсгэвэртэй аппараттай харьцдаг. Цөмийн энергийн тухай хуулинд энд ажиллах нь Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд байна гэж заасан байдаг. Тэнд ажиллаж байгаа хүмүүс үс нь зулгарсан, эмэгтэйчүүдийн үр зулбасан, бие дээр нь толбо, яр шарх гарсан гээд олон жилийн турш сөрөг үр нөлөө нь гарч байна. Бид олон жил бие махбодоороо хохироод Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд орж чадахгүй байхад өөр нэг байгууллага хүсэлтээ өгөөд шууд орчхож байгаад бухимдаж байна” гэв.

Монголын үйлдвэрчний холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Өнөөдөр Олон улсын зохистой хөдөлмөрийн дэлхийн өдөр. Монголын Тээврийн холбоо, Газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон бусад гишүүн байгууллагууд маань Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тодорхой шаардлагыг хүргүүлж байна. Шийдвэрлэгдэхгүй таван жил болсон асуудлууд байна. Тухайлбал, халуунд халж хүйтэнд хөрж гадаа зогсож шатахуун түгээгч нарын хөдөлмөрийн нөхцөлийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна. Капитал банкны нийгмийн даатгалын шимтгэлийн 200 гаруй тэрбум төгрөгийг ашиглаж байгаа хүмүүс банкаа дампууруулж, нийгэм, эрүүл мэндийн даатгал төлөгч хүмүүсийн мөнгө банканд хэвтэж байна. Энэ мөнгийг хэзээ төлөх вэ? Хэн хариуцлага тооцох вэ? Мөн тэтгэвэр тогтоолгоход таван жилээр тогтоолгодог байсан. Үүнийг долоон жил болгож шинээр тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэврийг багаар тогтоолгож байна. Хөдөлмөрийн хуулийг сайжруулж чадахгүй бол бүр мөсөн тат гэж шаардлага хүргүүлж байна. Тодорхой хугацаанд шаардлагын хариу өгөхгүй бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо дараа дараагийн тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, асуудлыг шийдэгдтэл нь тэмцэнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top