Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.10.05-06/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага мэдээлэл хүлээн авсны 375 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний долоо нь хүүхэд байсан бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,
- 2019.10.05-ны өдөр 05:10 цагийн орчимд Налайх дүүргийн долоодугаар хороо шороон замд Sinotruk маркийн автомашины жолооч зорчих хэсгийн баруун талд зогсож байсан явган зорчигч Б-г Hyundai starex маркийн автомашинтай хамт мөргөж амь насыг нь хохироосон.
- 2019.10.05-ны 11:30 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг гуравдугаар багийн нутаг “Тал булаг” гэх газар асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч Ч нас барсан.
- 2019.10.05-ны 16:30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт хоёрдугаар багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газар асфальтан замд Nissan Pathfinger маркийн автомашин Hino маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б нас барсан.
- 2019.10.06-ны 15:20 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн нутаг “Шатав толгой” гэх газар шороон замд Toyota Land 200 маркийн автомашин Hyundai accent маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б, зорчигч Э, зорчигч Э, нарын гурван хүн нас барж, зорчигч Э, зорчигч франц улсын иргэн Ж нарын хоёр хүн гэмтсэн.
- 2019.10.06-ны 18:20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг асфальтан замд Honda CR-V маркийн автомашины жолооч, явган зорчигч 12 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иймд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, замын нөхцөл байдлаа судалж хөдөлгөөнд оролцох, гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
орон нутагийн замд байнгын хѳдѳлгѳѳнт эргүүлтэй боломоор юмаа хяналтын постоо нэмээ хурд сааруулагчаа тавиа тэмдэг тэмдэглэгээ сайн хийгээчээ .нийт жолооч нартаа хурдаа тохируул согтууруулах ундаа хэрэглсэн үедээ жолооны ард бүү суугаачээ .дүрэмээрээ байцгаая.
Замын цагдаагийн орон тоогоо их болгоёоо ингээд л үхээд байх уу постуудын тоог ихэсгэмээр байна