Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөр нь 1990 оноос хэрэгжиж эхэлсэн ба энэ хүрээнд Монгол Улсын сургууль, цэцэрлэг, эрдэм шинжилгээний хүрээлэн гэх мэт ашгийн бус байгууллагад 370 сая ам.доллар бүхий 400 гаруй тусламж, дэмжлэг үзүүлжээ.
Үүний нэгэн жишээ болох Хавдар судлалын Үндэсний төвийн /ХСҮТ/ Б,В,Г блокийн дээврийн засвар, Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн сантехникийн шинэчлэлтэй өнөөдөр /2019.10.01/ танилцаж, сурвалжиллаа.
Хавдар судлалын Үндэсний төвийн хувьд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тулгамддаг гол асуудлын нэг нь дээврээс дусаал гоождог асуудал байсан юм. Тэгвэл “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ-ийн нийт дээврийн 30 хувь буюу 1860 метр квадрат талбайд 200 сая төгрөгийн засварын ажил хийгджээ. Харин үлдсэн 70 хувь нь Улсын төсвийн хөрөнгөөр шийдэгдсэн байна.

ХСҮТ-ийн Чанарын албаны дарга Б.Баасанжав “Манай эмнэлэг 1982 оноос хойш 37 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хойш сүүлийн 10 жилд дээврийн их засварын ажил хийгдэж чадахгүй байсан. Жил болгон бороо ороход дусаал дусаж, үйлчлүүлэгч болон эмч ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг байсан. Энэ жил “Өвсний үндэс” хөтөлбөр болон Эрүүл мэндийн яамны тусламжтайгаар дээврийн асуудлыг 100 хувь шийдсэнд баяртай байна. Одоогоор “Өвсний үндэс” төсөл дотоод заслын санхүүжилт хүлээгдэж байгаа” гэлээ.


Хангамж, үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Х.Гансүх "Өмнө хар цаасаар бүрсэн байсан дээвэр сүүлийн 10 жил засвар үйлчилгээ хийгээгүй учраас хагарч бага хэмжээний бороо ороход л тааз руу нэвтэрдэг байсан. Харин одоо айх аюулгүй болсонд баяртай байна. Дээврийн материалын хувьд хар цаасны дараагийн загвар буюу эдэлгээ сайтай материалаар бүрсэн" гэв.

Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар ХСҮТ-д яаралтай тусламж үзүүлэх иж бүрэн тоноглогдсон 25 сая төгрөгийн Тоёота Хайс маркийн автомашин, элэгний хавдартай хүмүүсийн үзлэгийн аппаратыг хүлээлгэн өгчээ.


Бид ХСҮТ-өөс гарч Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгийг зорилоо. Тус цэцэрлэг 1989 онд байгуулагдсан ба одоогоор таван хорооны 800 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
.jpg)
Байгуулагдсан цагаасаа хойш халуун дулаан усны магистрал шугам, цэвэр бохир усны хоолойд засвар, шинэчлэлт огт хийгдээгүй байжээ. Харин “Өвсний үндэс” хөтөлбөрийн 192 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар сантехникийн асуудал бүрэн шийдэгджээ.
129-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Баасанхүү "Хүүхэд өсөж, хүмүүжихэд ая, тухтай орчин хамгийн чухал. Тиймээс бид “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд шугам, сүлжээгээ засварлаж, ариун цэврийн өрөөгөө бүрэн тохижууллаа. Үүнд манай эцэг эхчүүд ч бас хувь нэмрээ их оруулсан. Урьд нь манай ажилчид сантехникийн шугамаа тэрүүхэн хэсэгт нь боож аргалдаг байв. Гэхдээ шугам цоорох, халуун ус алдах аюултай байсан. Энэ асуудлыг бүрэн шийдсэнд баяртай байна. Засвар шинэчлэл хийсний дараа ариун цэврийн өрөө гологдож байсан учраас эцэг, эхчүүдийн санаачилгаар хүүхдэд тохирсон шинэ ариун цэврийн байгууламж, угаалтуур аван хана, тааз, шалаа засаж янзалсан. Япон Улсын Засгийн газар, Өвсний үндэс хөтөлбөрийн хамт олон, эцэг, эхчүүддээ баярлалаа” гэв.

Тус цэцэрлэгийн 18 бүлгийн бүх ариун цэврийн өрөөг орчин үеийн стандарт нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан угаалтуур, суултуурыг суурилуулжээ. Хүүхдүүдээс “Цэцэрлэгт явах гоё уу? Юу нь гоё вэ? " гэж асуухад “Манай цэцэрлэгийн ариун цэврийн өрөө гоё, би өдөрт 4 удаа гараа угаадаг гэж уралдан хэлцгээж байлаа.
Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаа, найрамдлын гүүр ийн үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )